Өнөөдөр МАН-наас УИХ болон НИТХ-д Баянзүрх дүүргээс нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажлынхаа нээлтийг албан ёсоор хийлээ.
“Нэг зүрх” уриатай Баянзүрх дүүрэгт УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа Б.Батзориг, Д.Арвин гишүүн мөн НИТХ-д нэр дэвшигч Г.Ганбаяр, Т.Насанхүү, Н.Алтансүх, Т.Төмөрчулуун, Б.Мөнхбаатар, Х.Чинбат нар иргэдтэйгээ уулзалт хийсэн юм.
Уг уулзалтын үеэр БЗД-ийн 24-р тойргийн дарга Х.Чинбаттай цөөн хором ярилцлаа.
-Сонгуулийн сурталчилгааны ажлаа албан ёсоор эхэлж байна. Энэ талаар?
-БЗД-ээс УИХ-д болон НИТХ-д өрсөлдөх есөн нэр дэвшигч маань СЕХ-ноос батламжаа авсан. Ингээд улс орон даяар зургадугаар сарын зургаанаас эхлэн сонгуулийн компанит ажлынхаа нээлтийг хийж эхлэх ёстой. МАН-ын хувьд өнөөдөр сонгуулийн сурталчилгааны ажлаа эхэллээ. Үүний дараа бүх хороод дээр очиж нэгдсэн уулзалтыг хийнэ. Мөн иргэд сонгогчдодоо намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулна.
-МАН залуучууд руу хандсан ямар ажил хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?
-Бидэнд залуучууд руу хандсан ажил олон бий. Хэрвээ залуус маань мөрийн хөтөлбөртэй танилцах тэр дундаа манай намын 2013-2031 он хүртэлх 20 жилийн хөгжлийн хөтөлбөрүүдтэй танилцвал залуучуудынхаа боловсрол руу анхаарсан, тэдний сайхан амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлсэн олон асуудлуудыг багтаасан гэж үзэж байна.
-Жишээлбэл, ямар ажил хийх вэ?
- Өндөр хөгжилтэй гадаадын орнуудад суралцуулахаас гадна эх орондоо чанартай боловсрол эзэмшүүлэх асуудал дээр анхаарч ажиллахаар тусгасан.
-Өнөөдөр хэдэн хүн МАН-ын гишүүнээр элсч “Бат илэрхийлэл"-ээ гардан авсан бэ?
- Манай БЗД-ийн хүн ам олонтой учраас нийслэлийн хэмжээнд намын гишүүдийн тоогоороо тэргүүлдэг намын хороо юм. Бид 12 мянга гаруй гишүүнтэй байсан бол өнөөдөр 1000 гишүүн нэмж элслээ. Ингээд нийт 13 мянган гишүүнтэй болж байна. Сонгуулийн хаалтын үеэр гишүүнээр элсье гэж хүсэлт гаргасан мянган хүн бий. Тэдэнд ч мөн бат илэрхийллээ гардуулах болно. Шинэ сонгуульд бид 15 мянган гишүүнтэй оролцох зорилготой ажиллаж байна.
-Элссэн гишүүдийн дунд залуучууд их байна. Хамгийн залуу гишүүн хэдэн настай вэ?
-Хамгийн залуу нь 19 настай н.Батдорж, хамгийн ахмад нь 68 настай.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )