УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг сурталчилгааныхаа кампанит ажлыг Налайх дүүргийн хоёр, долдугаар хороонд үргэлжлүүлэв. Энэ үеэр үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн Налайхын иргэд, сонгогчдын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн турш тэднээс “гуйж” авсан саналынх нь хүчинд УИХ-д “лаглайсан” эрхэм түшээдэд сэтгэл дундуур байгаагаа хамгийн ихээр илэрхийлж байв. Налайхчууд “УИХ-ын гишүүн, “Бридж”-ийн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, З,Алтай нарыг бүрэн эрхийнхээ хугацаанд уурхайчдын дүүрэгт ганц ч удаа ирээгүй, гарт баригдаж нүдэнд харагдах дорвитой ажил ямар ч ажил хийгээгүй учир бидний нүүрийг харах эрхгүй хүмүүс ”хэмээн дүгнэж байв. Тиймээс энэ удаа эрээвэр, хураавар хүмүүсийг бус нэг намын, нэг багийн нэр дэвшигчдэд, тэр тусмаа иргэд рүүгээ чиглэсэн тодорхой үндэслэлтэй олон ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан МАН-ын нэр дэвшигчдэд “мартагдсан” Налайхын хувь заяаг даатгах бодолтой байгаагаа үг хэлсэн олон хүн илэрхийлж байсан. Төрийн бодлогын гадна үлдэж, нүдэнд орсон хог шиг үзэгдэж байгаа налайхчуудын хувьд уг нь өнгөрсөн 2008 онд ардчиллын залууст ихээхэн итгэл найдвар үүрүүлсэн аж. Налайхын өндөр настан Д.Санжмятав “За, тэр Алтай бүр дүүрч. Угаасаа бие дааж нэр дэвшсэн хүн. Гэтэл Сайханбилэг, Ганхуяг хоёрт бол налайхчууд ямар их найдаж байсан гээч. Үнэхээр үнэн л юм яриад байсан. Уурхайчид минь, та нар л улс оронд хэрэгтэй, төр та нарыг бүх талаар дэмжих учиртай л гээд байсан. Одоо хаана байна, тэр дэмжлэг нь. Нэг нь ч Налайхаар ирээгүй. Гар аргаар нүүрс олборлож өдрийн хоолоо залгуулах хэмжээнд амьдарч байгаа бидэн рүү чиглэсэн ямар хууль гаргав, хэдэн төгрөгийн хөрөнгө мөнгийг нааш нь хуваарилсан юм. Үнэхээр цөхөрч байна. Одоо уурхайчин бид нар том намд итгэл үзүүлнэ гэж бодож байгаа. Ялангуяа хот, дүүргийг маш чадварлагаар удирдаж байгаа залуучууд МАН-аас нэр дэвшиж байгаа нь уурхайчин бидэнд сайхан санагдаж байгаа шүү ” хэмээн учирлаж байсан юм. Амьдрахын эрхэнд уулын ам бүрт цооног нээж, орой нь гэртээ амьд мэнд харих эсэх нь ч бүрхэг болсон тэдний хувьд үүнээс өөр хийж чадах ажил байхгүй нь үнэн юм. Иймээс ядахдаа ослын тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэн тэргүүнд нэмэх, бусад хууль, эрх зүйн зохицуулалт огт байхгүй “шоовдорлогдож” байгааг засаж залруулах хэрэгтэй байгааг МАН-ын нэр дэвшигчдэд захиж байв. Хамгийн гол нь намынх нь мөрийн хөтөлбөрт ийм бодлого цогцоороо туссан байгаад олзуурхах хүн олон байсан юм. “Бид хамтдаа илүү ихийг бүтээнэ” уриатайгаар тус тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Б.Батзориг орон нутгийн ажил, амьдралыг сайн мэддэг нэгэн. Тэр ч утгаараа Налайхчуудыг бодлогоор дэмжиж, намын мөрийн хөтөлбөртэй уялдуулан уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх түшиц хотхон болгож, хотын статусаар хөгжүүлэх боломжтой гэдгийг энэ үеэр иргэдэд хэлсэн нь уурхайчдын загатнасан газар маажих шиг л болов.
Сэтгэгдэл ( 0 )