Шар хадныхан Б.Батзоригийг дэмжихээ илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Шархадны гэр хорооллын иргэд  дүүргийнхээ даргыг парламентын сонгуульд нэр дэвшиж буйд олзуурхаж байгаагаа илэрхийллээ. Засаг захиргааны бүтцээрээ бол Баянзүрх дүүргийн 9-р хорооныхон л доо, тэд. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Батзоригийг  Шархадны эцсийн буудалд өнөөдөр иргэд, сонгогчидтой уулзах үеэр үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн хүмүүс түүнд ийн ам сайтай байсан юм. “Шархадны там” гэдгээрээ алдартай, олон жилийн турш тэр хавийн  гэр хорооллын айл өрхүүдийн төдийгүй “Техникийн зах”-аар орсон, гарсан хүмүүсийг бухимдуулж байсан проблемыг шийдсэн хүн нь Б.Батзориг юм.

Тиймээс тамыг зам болгоно гэж өмнөх сонгуулийн үеэр хөхөө шиг донгодож саналыг нь авчихаад шилээ харуулаад алга болсон одоогийн их хурлын гишүүдэд гомдож буйгаа ч цөөнгүй хүн хэлж байв. Гэр хорооллын дэд бүтэц, шугам сүлжээг цаашид шийдчихвэл нуруу тэнэгэр алхах гээд байна гэх хүн ч байсан. Б.Батзориг нь Баянзүрх дүүргийн Засаг даргын хувьд уг замыг жилийн өмнө бүрэн шинэчилсэн төдийгүй Шархаданд олон цэцэрлэг, сургууль барьж байгуулсан нь хүндээ хүрсэн ажил болсон гэдэг нь иргэдийн ярианаас тодорхой ойлгогдсон юм. Мөн эхлүүлсэн олон ажил байгааг нь дуусгах боломжийг нэр дэвшигч Б.Батзоригт олгохоо уулзалтанд оролцсон иргэд дуу нэгтэйгээр илэрхийлж байсан. Тиймээс хэт даруу загналгүйгээр хийсэн болон цаашид хийх ажлаа иргэдэд сайн ойлгуулахыг  ч захих хүн байв.  Сонгуулийн сурталчилгаа гэдэг нэрээр хий хоосон амлалт, амьдралаас тасарсан шүүмжлэл өрнүүлж байгаа бусад намын нэр дэвшигчидтэй харьцуулахад бодитой ажил ярьж яваа, нэр дэвшигчтэй нүүр тулан уулзаж зовлон, жаргалаа хуваалцсанд талархах хүн ч олон байлаа.

Хамгийн гол нь “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэгчлэн дүүрэг, хорооны ажил, амьдралыг маш сайн мэддэг, хаана нь хэн яаж амьдардгийг мэддэг хүнээ парламентад илгээж, илүү ихийг хийлгэмээр байгаагаа ч Шархадны иргэд хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top