С.Авирмэдийг УИХ-ын гишүүдыг гүтгэсэн хэргээр эрүү үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

МАХН-МҮАН-ын “Шударга ёс бүлгэм”-ээс нэр дэвших гэж байсан доктор С.Авирмэд сэтгүүлчдэд хандлаа. С.Авирмэдийг 111.2-т зааснаар хүн гүтгэсэн хэргээр Сүхбаатар дүүргийн прокурор, мөрдөн байцаах тасгаас хэрэгт татагдан шалгагдаж байгаа аж. Тэрээр Оюу толгойн гэрээг зассан нэр бүхий УИХ-ын гишүүдийг “Ашигт малтмалын тухай хууль"-ийн 5. 5-т зааснаар буюу 34 хувийг Монгол улс өөрөө худалдаж авах, үлдсэн хувийг гадаадынханд өгөх гэсэн хуулийн заалтыг 6 жилийн турш шүүмжилсэн. С.Авирмэд энэ заалтыг санаачилсан 6 гишүүний нэрийг дурдаад "Ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардаж байна. Хэрэв уучлалт гуйхаас татгалзвал цаашид энэ асуудлыг ярьсаар байх болно. Та нар эх орноосоо урваж гадаадын гар хөл бологсод” хэмээн хэлснийхээ төлөө ийнхүү хэрэгт татагдаж сэжигтэн болжээ. Түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ийнхүү ярилцлага өгсөнд нэр бүхий гишүүд нэр хүндийг нь унагасан хэмээн үзэж нэр төрөө сэргээлгэхээр дөрөвдүгээр сарын 27-нд С.Авирмэд рүү өмгөөлөгчдөө явуулж шаардах хуудас өгсөн. Шаардах хуудсанд “Бидний нэр төрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр доромжилсоныхоо төлөө уучлал гуй. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйж гүтгэн доромжилсон гэдгээ хүлээхгүй бол Эрүүгийн хуулийн дагуу хэрэгт татна” гэсэн байна.

Харин С.Авирмэд уучлал гуйхгүй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд тэр хэлэхдээ “Надад хүн гүтгэсэн зүйл байхгүй. Нэр бүхий гишүүд болон бусад холбогдох хүмүүс Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 гэсэн заалтыг эх орны эрх ашигт ноцтой сөрөг нөлөөлөх байдлаар зассан нь үнэн. Энэ нь тухайн үеийн ээлжит бус хуралдааны протокол болон бусад баримт бичиг дээр байгаа. Хүнийг гүтгэнэ гэдэг нь ор үндэсгүй зүйл ярьж нэр төрийг нь гутаана гэсэн үг гэж би ойлгож байна. Гэтэл тэдний хийсэн хэрэг баримт бичиг дээр дурайж байгаагаар зогсохгүй ард түмэн мэдэж байгаа” гэлээ.

С.Авирмэдийн өмгөөлөгчөөр С.Нарангэрэл ажиллаж эхэлсэн бөгөөд тэр хэлэхдээ “Ашигт малтмалын хуулийг өөрсөддөө болон гадаадын улс орнуудад ашигтай, Монголын ард түмэн, эх орны эрх ашгийг ноцтой зөрчсөн байдлаар засварласан нь үнэн. Тиймээс С.Авирмэдийг хүн гүтгэсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Хэрэв С.Авирмэдийг буруутгаж хэрэгт татаж байгаа бол энэ хуулийг эсэргүүцэж байсан иргэд, төрийн бус байгууллага зэрэг бүх байгууллага, хүмүүсийг мөн хэрэгт татах шаардлага гарна. Тиймээс энэ бол С.Авирмэдийг улс төрд гаргахгүй, өөрсдийнх нь хийсэн бузар хэргийн талаар чимээгүй байлгах гэсэн улс төрийн зорилготой хэрэг юм” гэж байлаа. Мөн түүнийг сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан талаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байх үед нь ийнхүү хэрэгт татаж шалгаж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой гэж үзэж байв.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top