Өнөөдөр Өмнөд болон Хойд Суданд үүрэг гүйцэтгэх мото буудлагын батальон, цэргийн хээрийн эмнэлгийн багуудын Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслол, шинээр байгуулагдах энхийг дэмжих ажиллагааны 3 дахь батальон буюу Зэвсэгт хүчний 350-р ангийн цэргийн хотхоны шав тавих ёслол Налайх дүүрэгт боллоо.
Энэ ёслолд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, ОБЕГ-ын дарга, тэргүүн комиссор Ц.Амгаланбаяр, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр нар оролцов.
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр дээрх 2 Цэргийн багийн удирдлага дэд хурандаа Н.Алтангэрэл, И.Баярхүү нарт харь нутгийн тэнгэрт мандуулах Монгол Улсын Төрийн далбааг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав хадаг, мөнгөн аягатай сүү гардуулан өгч үүргээ амжилттай гүйцэтгээд ирэхийг хүсэн ерөөсөн юм.
Хойд Суданд 2010 оноос хойш манай цэргийн эмч нарын баг, энэ оны 3-р сараас Өмнөд Суданд 850 хүнтэй багийн эхний хэсэг үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд цэргийн эмч нарын 3-р баг, 850 хүнтэй батальоны үндсэн хэсэг буюу 500 офицер, ахлагч энэ сарын сүүлээр Суданыг зорих юм. Цэргийн эмч нарын багт Зэвсэгт хүчний Клиникийн төв эмнэлэг, Зэвсэгт хүчний ангиудын эмч, сувилагч нараас гадна 3-р эмнэлэг, ШШГЕГ-ын эмнэлгээс ч мэргэжлийн хүмүүс багтжээ. Харин 850 хүнтэй багт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс гадна ХХЕГ, Дотоодын цэрэг, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ, ОБЕГ зэрэг хүчний бусад байгууллагын 100 гаруй офицер, ахлагч нар оржээ.
Налайх дүүрэгт цэргийн нисэх анги буюу Зэвсэгт хүчний 337-р ангийн ойролцоо баригдах энхийг дэмжих шинэ батальон нь ангийн штаб, соёлын төв, номын сан, хичээлийн байр, спорт заал, 180 айлын орон сууц гээд цэргийн албан хаагчдад хэрэгтэй бүх төрлийн байшин барилгаас бүрдсэн цогц хотхон байх аж. Энэ хотхон 2 жилийн дараа ашиглалтад орно.
Өмнө нь нийслэл хотод болон Дархан-Уул аймагт энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх зориулалттай 150, 330-р ангийг байгуулсан бөгөөд 3 дахь ангийг байгуулснаар манай Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо улам нэмэгдэх юм.
БХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Сэтгэгдэл ( 0 )