Сонгууль болоход хоёр долоо хоног ч хүрэхгүй хугацаа үлджээ. Нэр дэвшигчид хэдийгээр эрвийх дэрвийхээрээ сурталчилгаа хийгээд яваа боловч шинэчилсэн хуулийн дагуу хэлбэр нь өөрчлөгдснөөс ч тэр үү сонгогчдод хүрч байгаа мэдээлэл хомсхон гэж жигтэйхэн.
Ямар сайндаа л өнөөдөр гэхэд зарим сонгогчид өөрийн дүүрэг, тойрогтоо хэн хэн нэр дэвшээд байгааг төдийлөн сайн мэдэхгүй байхав дээ. УИХ-д нэр дэвшиж байгааг нь жаахан багцаалаад, НИТХ бол бүр сураггүй.
Өнөө өглөө банк орох ажил гараад очлоо. Гэтэл сүүлчийн 21-ээ авах гэсэн хүмүүсийн оочер гэж замбараагүй урт сунаад банкны салбарын хашааг тойроод алга болоод өгч. Нэгэнт очсоных гээд тэр хавиараа хүмүүстэй ярилцаж сонгуулийн талаар жаахан хууч хөөрлөө. Мэдээлэл хомс байгаа нь илт мэдрэгдэж байв.
Аль талдаа хандтай байгааг нь тандахад ихэнх нь АН гэж байнаа. Тэгсэн мөртлөө “Монос”-ын тэр хүүхэн \АН-аас Сонгинохайрханд нэр дэвшиж байгаа Эрдэнэчимэг\ УИХ-д ороод юу хийхэв дээ, эмээ зараад л байж байхгүй гэхийн. Ухаандаа түүнийг Улаанбаатарын хаа сайгүй байдаг МОНОС хэмээх ногоон эмблемтэй аптек дотор эм зараад зогсож байдаг худалдагчийн дайтай ойлгоод байгаа бололтой. Тэгэхээр нь “Манай энэ дүүрэгт ч \Сонгинохайрханд\ эмэгтэй хүний ухаан хэрэгтэй л байгаам даа, гурван мандатын нэг нь эмэгтэй байхад ер буруудахгүй” хэмээн саналаа хэлтэл урдаас эсэргүүцэх хүн мэдэгдсэнгүй. Тэгэхээр нь барьцаа улам лавшруулаад “Эмэгтэй хүн эрчүүд шиг морь машин, архи дарс, авгай хүүхэн гээд далийгаад явчихгүй, харин ч амьдралын аар саар зүйлсийг нарийн ойлгож чаддаг, мэдрэмж сайтай” нтр гээд ярьтал нөгөө жигтэйхэн дургүй байсан хүмүүс чинь шал өөр болоод нээрээ ч тийм шүү гээд л Моносын хүүхнийг дэмжээд явчихлаа.
Эндээс харахад л сонгогчид гэж “сонин” байдаг нь мэдрэгдээд байгаан. “Салхи хаашаа бол тийшээ” гэгчээр суудал дээрээ хэд хувираад л.
Нэр дэвшигчдээ сайн танихгүй болохоор хэнд саналаа өгөх нь одоогоор тодорхой бус, яаж, ямар маягаар саналын хуудастай ажиллах талаар бүр таг, яах аргагүй дугуйлна л гэж яриад байдаг, гэтэл нөгөөх нь дугуйлах биш будах болчихоод байдаг. Энэ талаар СЕХ-оос цаг алдалгүй анхаарч, олон нийтийн хэвлэл мэдээлэл, телевизүүдээр нэг бүрчлэн харуулж байгаад зааж өгөхгүй бол тэмдэглэгээний ялимгүй зөрчлүүд сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй гэх аргагүй.
Саналын хуудсан дээр бичигдсэн нөхдүүдийг сайн танихгүй болохоор бараг өөртөө аятайхан санагдсан нэртэйг нь “дугуйлчих” вий дээ. Эрчүүд бол зоригтой, хүч чадалтай гэдгээр нь Чинзориг, Батзориг,Ганзориг гээд, хүүхнүүдийг ухаантай байж магадгүй гээд Оюунчимэг,Оюунгэрэл, Оюунцэцэг гэх мэтээр.
Учраа мэдэх хүмүүс гэж бидний тодорхойлдогчлон нийт сонгогчдын 20-30 хувь нь сонголтоо аль хэдийн хийчихсэн байна. Тэдэнд ямар ч илүү дутуу рекламны шаардлагагүй. Харин олонхийн масс болох үлдсэн 60-70 хувь дээр асуудал үүсч байна. Нэр дэвшигчдийн хувьд ганц хоёр уулзалт хийгээд, тавь зуун хүний дэмжлэг авснаа аль хэдийн сонгогдсон мэт төсөөлөөд сэрүүн зүүдлээд явбал том эндүүрэл болно шүү! Цаадуул чинь хаашаа ч эргэж, яаж ч мэдэхээр олонхи нь....
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )