Ч.Доржхуяг: Ард түмнээсээ уучлал гуйж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Сонгуулийн сурталчилгаа эрчимтэй өрнөж байгаа энэ цаг үед Монголын хэвлэлийн хүрээлэнд Сүхбаатар аймгийн иргэн Ч.Доржхуяг хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэрээр сонгуулийн ажилд оролцож байгаа хүмүүстээ хандан “Нууц, далд ажил битгий хийгээрэй” хэмээн уриаллаа. Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Өнөөдрийн хэвлэлийн хурлыг яагаад зарлах болов. Ямар шалтгаанаар Улаанбаатар хотыг зорьж ирсэн бэ?

-Өнөөдөр би Сүхбаатар аймгаас ирж хэвлэлийн хурал зарлах болсон шалтгаан бол Монголын төр шударга үнэнийг тогтоогоосой гэж хүссэн юм. Нийгэм болон эдийн засагт хуйвалдааны чанартай ажиллагаа ил, далд явагдаж, үүнээс болоод нууцлагдмал байдлаар хүний амь нас эрсдэж, иргэд хохирч байна.

-Ийм ажил явагдаж байгааг батлах баримт бий юу?

-Би тухайн үед аймагтаа АН-ын гишүүн байлаа. МАХН буюу одоогийн МАН-ын даалгавраар АН-ын мэдээллийг өгдөг байсан юм. Түүнийхээ хэмжээнд зохих шан харамж, мөнгөн урамшуулал авч байсан.

-Тэгвэл өнөөдөр танд ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Ерөөсөө сонгуулийн ажилд хүмүүс зөв оролцоосой, нийгэм маань зөв байгаасай гэж хүссэн. Нам гэдэг зүгээр л хүний тархийг угаадаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, уриа лоозонгоор ард түмний тархийг угааж сонгуульд ялдаг. Хийсэн ажил байхгүй, бие биедээ найр тавьдаг. Аль аль нь алдаатай, хоорондоо холбоотой, эдийн засагт сүлжигдсэн байдаг.

-Яагаад АН-аас мэдээлэл авч МАН/МАХН/-д өгдөг байсан юм бэ?

-Тухайн үед тийм л байдал үүсчихсэн юм. Болж байгаа хурал цуглаан бүхий л үйл ажиллагаанд нь оролцож байсан.

-Одоо ямар намын гишүүн бэ? Аль нэг талд нь байгаа юу?

-МАН-ын гишүүн биш. АН-ын гишүүн гэж явдаг. Гэхдээ одоо аль нэг талд нь биш, аль нь шударга үйл ажиллагаа явуулна түүнийг л дэмжинэ. Ард түмнийхээ л талд зогсоно гэж бодож байгаа.

-Та сая мөнгө үзүүлээд байсан. Ямар учиртай мөнгө вэ?

-Надад МАН-аас үүргээ гүйцэтгэлээ гэж өгч байсан арван мянгатын хуурамч мөнгөн дэвсгэрт.

-Танд хэзээ өгсөн юм бэ?

-1996 онд өгсөн. Тухайн үед нууц газраас мэдээллийг авч, нууц газарт өгдөг байсан. АН-ын гишүүн учраас надад итгэчихсэн байв. Эрх чөлөөнийхөө одонг хүртэл өгсөн байгаа. Ер нь гол зорилго маань ард түмнээсээ уучлал гуйя гэж шийдсэн. Мөн бусад иймэрхүү маягаар мэдээлэл дамжуулдаг хүн байвал больж, татгалзаач ээ гэж хэлмээр байна. Иргэний зориг гаргаад шударга үнэний төлөө явж чадахгүй хүн олон байгаа. Тэр хүмүүс өөрийгөө ард түмэнд илчлэхээс айж байна. Ард түмэн маань сонгуулиа намын төлөө бус хүнийг нь харж өгөөрэй гэж хэлье. Нам гэдэг бол ердөө хэдхэн хүний өмч юм шүү.

-Нууц биш бол энэ сонгуульд хэнд саналаа өгөхөө шийдсэн үү?

- М.Зоригт/АН/, Дэлгэрцогт /МАНХ-МҮАН/ хоёр дээр л сонголт хийнэ гэсэн бодолтой байгаа.

Ярилцсан:Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top