Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгуульд хүртээмжтэй оролцуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнөөдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг баталгаажуулах, тэдний сонгуулийн боловсролыг нэмэгдүүлэх үйл ажиллагааны талаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус ТББ-ууд нь “Хүртээмжтэй орчин” аяныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийг сонгуулийн жилтэй холбогдуулан “Хүртээмжтэй орчин 2012-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгуулийн тэгш оролцоо” уриан дор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн оролцоонд хяналт тавих, тэдний сонгуулийн боловсролыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, санал авах байрыг хүртээмжтэй болгоход нөлөөлөл үзүүлэх, нэр дэвшигчид болон намуудад мөрийн хөтөлбөр, сурталчилгаагаа тэдэнд хүртээмжтэй хийх талаар уриалга, ил захидал хүргүүлж байгаа аж.

Уг ажлыг хэрэгжүүлэхээр Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Сонгогчдын боловсрол төв, ХБИргэдийн ТББ-ууд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нээлттэй нийгэм форум, Монфемнет үндэсний сүлжээ зэрэг төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Мөн энэхүү үйл ажиллагаагаа нийслэлд төдийгүй Дархан-Уул, Архангай, Баянхонгор, Увс, Дундговь аймагт зэрэг хэрэгжүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан үндэсний хэмжээнд хүргэхээр зорилго тавин ажиллаж байна.

2012 онд "Мерсикор Монгол" олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар ХБИргэдийн сонгуулийн оролцоо 80 хувьтай оролцдог гэсэн дүгнэлт гарсан бөгөөд доорх шалтгааны улмаас сонгуульд оролцоогүй байна.

-Санал авах байр хүртээмжгүй

-Саналын хуудас брайлаар хэвлэгдээгүй

-Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, сурталчилгааны ажлууд сонсголын бэрхшээлтэй болон харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй

-Сонгуультай холбоотой хууль эрх зүйн мэдлэг дутмаг

2010 оны жилийн эцсийн байдлаар 82631 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 39265 нь санал өгөх эрхтэй гэжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top