Монгол Улс бүхэлдээ сонгуулиар амьсгалж байна. Хүссэн ч хүсээгүй ч хаашаа л харна нэр дэвшигчдийн баясгалантай царай нүдэнд харагдаж, хаана л явна сонгууль яригдаж байхад амьсгалахгүй гээд ч яах билээ. Өнгөрсөн сарын сүүлээр нэр дэвшигчид батламжаа гардаж авснаар сурталчилгаагаа эхлүүлэх эрхээ авсан.
Тэр өдрөөс л мань нэр дэвшигчид бурхан болж хувирсан. Энэ хорвоог бараг л ганцаараа бүтээсэн мэтээр бурж, өнгөрсөн дөрвөн жилд хийгээгүй, гар хүрээгүй зүйлгүй болж жүжиглэж эхэлсэн. Тэгээд албан тушаал, эрх мэдлийн төлөөх үнэн төрхөө өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлээд дуусгаагүй ажил байгаа учраас түүнийгээ гүйцэлдүүлэхээр дахин нэр дэвшиж байна хэмээн хуурамч багаар халхлахыг нь яана. Үнэн хэрэгтээ өнгөрсөн дөрвөн жилд мань гарууд юу ч хийгээгүй л байхгүй юу. Оюу толгой, Таван толгой гэж хэрэлдэж, хувааж идсэнээс хэтэрсэн гэж үү? Хэрэв 2008 оны сонгуулиар хулхин дээр цэцэг ургатал ярьж хэлж байсан тэр бүхнээ өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн бол монголчуудын амьдралд бага гэлтгүй өөрчлөлт гарах байсан. Харин бахь байдгаараа. Шалтгаан нь мэдээж иргэд бидний залхуу зан л биз дээ.
Монгол Улс хоёр толгойгоо ашиглаж, иргэн бүхэнд хувь хишиг тарааж, чухам л дэлхий даахгүй баян болох юм ярьж, хэлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл иргэдийн амьдралд хоёр толгой үр ашгаа өгсөн үү гэвэл уучлаарай эерэг хариу ганц ч гарахгүй. Харин өнөөдөр бурхан болон жүжиглэж байгаа нөхдүүдээс дажгүй хариулт сонсч болох л юм. 2008 онд жирийн бид бурхдын ачаар диваажинд очоод, сонгуулийн дөрвөн жилд хэтэрхий өндрөөс унасан. Энэ сонгуулиар ч мөн ялгагдах ганц ч зүйл алга. Нөгөө бурхад маань дахин гарч ирэн, гоё сайхан бүхнийг амлаж, мөрийн хөтөлбөр гэсэн мөрөөдлөө танилцуулж, монголчуудыг бурхны зарлигаар диваажинд амьдруулна гээд л баруун солгойгүй залж өгч байна аа. Бурхад худлаа ярихаар ямар ч онцгүй юм бэ дээ.
Энэ удаагийн сонгуулиар УИХ, НИТХ-д нэр дэвшиж байгаа нөхдүүдийг үнэнийг шалгах сорилын машинаар шалгавал бүгдээрээ унана гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Хичээгээд ч үнэн ярих ганц ч зүйл байхгүй юм чинь. Нэр дэвших эрхээ авчихаад, батламжаа гардсан том гарууд өнгөрсөн дөрвөн жилд хийж бүтээснээ иргэдэд тайлагнах гэж бөөн юм болсон. Гэтэл тэр тайлан нь юм мэддэг, мэдээлэлтэй хүнд ёстой л ичмээр дамшиг болж таарсан. Засгийн газрын шугамаар тендер зарлагдаж тавигдсан замыг өөрөө хөрөнгө гаргаж хийсэн гэж УИХ, Засгийн газрын зарим гишүүд нь хэнэг ч үгүй залж байхад НИТХ-ынхан метро, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гээд хэдэн томоохон ажлаа бүгдээрээ шүүрч аваад, би хийсэн, санаачилсан гэж иргэдэд тайлагнах нь ямар эвгүй гээч. Хаа хамаагүй юмыг хамж шимж ажил хийсэн хүн болж харагдах шударга хүнд бол газар доогуур ормоор л санагддаг юм билээ.
Гэтэл мань хүмүүс аль хэдийнэ ичих булчирхайгаа худалдчихсан болохоор яая гэхэв, айл бүрийн хаалга тогшиж тараагаад л. Тэгээд дараа нь ирэх дөрвөн жилд би, бидний нам ийм юм хийнэ гээд бөөн цаас, хөрөнгө мөнгө гарздаж бас нэг сэтгүүл маягийн зүйл хийлээ. Гэтэл тэнд нь чухам л биднийг диваажинд цэцэгс дунд хөрвөөлгөх заалт тун чиг олон байна. АН-ын мөрийн хөтөлбөрт 35-аас дээш насныхныг ажил хийх нөхцлийг эрхзүйн орчноор бүрдүүлж, ажлын байртай болгоно гэж заасан байх юм. 30 нас хүрээд өвөө эмээгээрээ дуудуулж, ач зээгээ хараад гэртээ сууж бай гэж ажил олгогчдод басамжлуулдаг 30 насныхны зовлонг хожуу ч гэсэн анзаарч харсан нь яамай даа. МАН-ын мөрийн хөтөлбөрт 300 мянган ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийг хөгжингүй улс орны түвшинд хүртэл бууруулна гэсэн том амлалт байх юм. Монголчуудын бараг 10 хувийг нь ажилтай болгох заалт байгаа биз. Амлалт ажил хэрэг болдог бол сайхан л санаа.
Гэхдээ хоёр том улс төрийн хүч-ний ирэх дөрвөн жилийн амлалтад мөнгөнд дуртай хүмүүсийн шуналыг хөдөлгөсөн заалтууд тунчиг их байна лээ. АН хүүхдийн 20 мянган төгрөгийг олгож, багш нарын гүйцэтгэл дээр суурилсан цалингийн тогтолцоог бий болгож, цалингаараа хангалуун амьдрах, орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлнэ гэнэ. Бас эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг 2013 онд тав дахин нэмэгдүүлж 100 тэрбум төгрөг хүргэнэ гэсэн байх юм. МАН ч ялгаагүй. Өрхийн аж ахуй эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулахад зориулж бага хүүтэй зээл олгоно, 40 мянгаас доошгүй айл өрхийг хувийн аж ахуйтай болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ, хүний хөгжил сангаас олгож байгаа 21 мянган төгрөгийг үргэлжлүүлж, төрийн албан хаагчдын цалинг жил бүр нэмэгдүүлэн, гурваас дээш хүүхэд төрүүлсэн эхэд мөнгөн урамшуулал олгоно гэх мэтээр шунал хөдөлгөсөн мөнгөн амлалт цөөнгүй байна.
Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги хэрэгтээ унаа, талхны үнэнд хүрэхтэй үгүйтэй 21 мянган төгрөг хэрэгтэй юү сарын 200 мянган төгрөгийн цалинтай ажлын байр шаардлагатай гэдгийг толгой сайтай, бүгдийг хийж чаддаг бурхад бодож л суугаа байлгүй дээ. Өнгөрсөн дөрвөн жилд хийснээ тайлагналаа, хийхээ бас илгээлээ. Харин сүүлийн хэдэн өдөр нэр дэвшигчид иргэдтэй уулзаж, автобусны буудал, ус авдаг худаг дээр гэнэт гарч ирэн, дорд биднийг цочоож алчих гээд байх юм. Гялгар хар машин унаж тоос татуулан явдаг эрхмүүд борчуудын амьдрал дунд ёстой л үзээгүйгээ үзэж, үстэй толгойгоо зулгааж харагдана лээ. Бараг л айлын банхартай гар барьж, мэндлэх нь холгүй яваа тэднийг харахад уур ч хүрэх шиг. Тэгээд ярьж байгаа нь жинхэнэ хүний тархи угаасан, худал хуурмаг байх нь үнэхээр ичгэвэртэй. Манай нам гэж эхлээд л би гэж дуусах нь ямар хуурамч харагддаг гээч. Ирэх дөрвөн жилд би танай гэрт та бүхэнтэй хамт амьдарна, ийм мөнгөн тэтгэмж олгоно гэхчлэнгээр диваажингийн юм ярихыг нь яана. Хүн гэгч хийсвэр зүйлд л итгэх юм даа. Өнгөрсөн жилүүдэд ч агаарын зүйл ярьсаар гарч ирсэн нөхдүүд өнөөдөр ч хийсвэр сэтгэлгээндээ итгэчихсэн нэр дэвшигч нэртэй бурхад болчихсон явна.
Энэ байдлаар бол монголчууд бид ирэх дөрвөн жилд бүгдээрээ диваажинд амьдрах нь ээ. Манай бурхад гоё сайхан орчин, хангалуун амьдрал, сэтгэл зовоохгүй тайван нийгэм, өндөр цалинтай ажил гээд амлахгүй юм алга. Тэгэхээр ирэх дөрвөн жилд амлалтаа нэхээд л амаа ангайгаад хэвтээд байхаас. Нэгэнт бурхны дүрд хувирч, диваажингийн амьдрал амласан хүмүүс зүтгэх юм байгаа биз.
В.Хэрлэн
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )