“Окопны” 10 гишүүний нэр тодорхой

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Энэ жилийн сонгууль шинэчилсэн хуулийн дагуу холимог тогтолцоогоор явагдах тул нам, нэр дэвшигч гэсэн хоёр зааг дээр хүмүүсийн анхаарлыг төвлөрүүлж байна. Саналын хуудсан дээр бичигдсэн 11 нам, 2 эвслээс зөвхөн нэгийг дугуйлах ёстой. Сонгогч энэ шийдвэрээ гаргахын тулд нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг сайтар уншиж, бусадтай нь харьцуулах шаардлагатай болно. Тэгвэл өмнөх сонгуулиудаас анзаарагдсан нэг зүйл гэвэл хүмүүс намуудын мөрийн хөтөлбөрийг тийм ч сайн судалж үздэггүй бололтой. Энэ жилийн сонгуулийн пропорциональ-28 буюу намын жагсаалтад бичигдсэн хүмүүсийг хараад зарим нь нөгөө л хэдэн олигархиудаа дэвшүүлээ шив дээ гэсэн яриа сонгогчдын дунд мэр сэр дуулдана.

Харин хүмүүст онцгой таалагдсан нэг зүйл бол АН жагсаалтын 3-таа Х.Тэмүүжингээ зоож өгсөн явдал байлаа. Үүний өмнөхөн Х.Тэмүүжин тойроггүй үлдлээ гэсэн мэдээлэл цацагдан түүний дуу хоолойг Монголын парламентад сонсогдож байгаасай гэж хүсдэг олон хүмүүсийн сэтгэлийг гонсойлгон АН-ыг бараг л тэнэг, мангараар нь дуудах дөхөж байтал намын жагсаалт гарч ирэн хүмүүсийг баярлуулсан. Х.Тэмүүжин шиг сайн хуульч, шударга залуус өнөөгийн парламентад ус, агаар шиг хэрэгтэй байна. Зарим нөхдийг намын жагсаалтад урдуур бичигдэхийн тулд мөнгө хаясан гэх хардлага хааяа сонсогдох. Харин Х.Тэмүүжингийн хувьд тэгж хаяад байх мөнгө ч байхгүй гэдгийг хүмүүс сайн мэднэ. Ямар сайндаа л лизингийн зээлийн байранд амьдардаг гэсэн мэдээ гарч хүмүүсийг гайхшруулж байхав дээ. Тэр үед зарим нь яг ш дээ, шал худлаа шоудаж байна, УИХ-д 4 жил суучихаад зээлийн байранд байхдаа яахав дээ гэсэн яриа өрнүүлсэн. Гэвч зөвхөн цалингаараа амьдарч, элдэв буруу гарын маапаантай зүйлсд оролцдоггүй хүн бол хэдий гишүүн байлаа ч бэлэн мөнгө тоолоод байр худалдаж авч чадах нь юу л бол.

Зарим нэгэн шооч нөхдүүд намын жагсаалтанд бичигдсэн нэр дэвшигчдийг “Окопныхон”, тойрогт нэр дэвшигчдийг “Фронтынхон” гээд хөөрхөн оновчтой нэрлэчихсэн байна билээ. Пропорциональ, мажоритар гэж нийтийн сайн ойлгохгүй албаны нэр томьёо хэрэглэснээс энэ нь бараг илүү ойлгомжтой сонсогдохоор. “Фронтод” тулалдвал арван хувийн санал ч авахааргүй нөхдийгөө “Окопондоо” оруулчихжээ гэж зарим нэг нь гоочилно.

“Фронтынхон” ямар тохиолдолд ялж гишүүн болдгийг сонгогчид урьдны туршлагаараа сайн мэдэж байгаа. Харин энэ жилийн хувьд “Окопныхны” талаар ойлголт жаахан маруухан байх шиг. Тиймээс “Окопноос” баталгаатай гишүүн болох нөхдүүдийг эртнээс танилцуулж байхгүй бол дараа нь энэ нөхөр хаанаас гараад ирэв ээ гээд зарим сонгогчдын дунд эргэлзээ үүсэж мэдэхээр.

Нам нь сонгогчдын 100 хувийн санал авсан тохиолдолд “Окопны”  28 нэр дэвшигч гишүүн болно гэж тооцоолбол нэг хүнд 4 орчим хувь оногдох. Тэгвэл МАН, АН гэсэн хоёр лидер намын хувьд гишүүд, дэмжигчдийн масс болон улс төрийн зангарагаараа яаж ч бодсон хамгийн багадаа тус тусдаа дор хаяж 20 хувь авна гэж үзвэл “Окопны” эхний 5 нэр дэвшигч автоматаар УИХ-ын гишүүн боллоо гэсэн үг. Үүнд:

МАН       1.   Сү.Батболд   2.   У.Хүрэлсүх    3.   С.Дэмбэрэл    4.   Ө.Энхтүвшин     5.   Д.Лүндээжанцан

АН      1.       Н.Алтанхуяг      2.       З.Энхболд     3.       Х.Тэмүүжин      4.       Ч.Сайханбилэг     5.       Д.Эрдэнэбат            нар юм.  

Тэгэхээр одоогийн байдлаар 66 гишүүний нэр тодорхой бус байна гэж ойлгож болохоор.

 

Д.Мягмарсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top