Сонгууль дуусахад яг найм хоног үлдлээ. Өрсөлдөөн ширүүсч, хар шар мэдээнүүд газар авч, нам дотроо хэрүүл тэмцэл өрнүүлэгсэд хаа сайгүй багаа хуулж, Монголын нийгэм тэр аяараа сонгуулиар амьсгалж, хэвлэл мэдээлэл, гудамж талбайнууд сурталчилгаанд хуйхлуулж байна. Телевизээр гоё гоё жүжиг үзэж, сонирхолтой тавилттай бэсрэг хэмжээний уран сайхны кино харсан шиг хөгжилтэй л байна. Миний чиний, манай танай гэх юмгүй улс төрчид хоорондоо ёстой л “алалдаж” байгаа нь зугаатай ч юм шиг. Гэхдээ заримыг нь ч харахаар үнэндээ дур гутаж, өмнөөс нь бө.. юм улайх юм даа. Хэдий олигархи ч гэлээ Женко Х.Баттулгын хэлсэн нэг оновчтой үг байдаг. “Лүү худалч гар телевизээр гарч ирээд “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гээд ярихаар би үнэндээ уур хүрдэг ээ” гэж. Тойргоо хаясан, тойргоосоо хөөгдсөн, золионд нэр дэвшсэн гээд олон нөхдүүд ёстой л амныхаа хэмжээгээр бурцгааж байна. Идэж уусан нь хаагуур нь ороо бол гэмээр хүмүүс ч хаа сайгүй л харагдана. Намайг сонгохгүй бол бөмбөг дэлбэлнэ шүү гэх аятай зандалчин товарищ ч таарах л юм. За тэгээд яахав дээ, мэдээж уралдаан юм болохоор нэг нь түрүүлнэ л дээ. Манай сайт “Сонгуулийг сонирхолтой” болгоё гэдэг уриаг дэвшүүлсэн. Энэ утгаараа “Тойргийн анализ” гэдэг сонгуульд зориулсан түр зуурын шинжтэй, хошин боловч үнэн үгтэй байж мэдэх ийм нэг булан нээж буйгаа хуваалцъя.
Наран ургах нийслэлийн Баянзүрх дүүргээс Тойргийн анализийг эхлүүллээ.
Баянзүрхийг өөд нь татсан Б.Батзориг дарга
Энэ дүүргийн хүн ам 300 мянга шахсан. Хамгийн их асуудалтай, хамгийн их бухимдалтай бүс нутаг байв, дөрвөн жилийн өмнө. Харин Б.Батзориг гэдэг шинэ даргатай болсноор өдрөөс өдөрт өнгө засч, зам талбай нь засагдаад, гудамж эргэнгүүт гэрэлтээд, барилга байшин нь цаанаа нэг донж суугаад, дүүргийн амьдрал өөдрөг болоод ирсэн. Өнөөдөртөө нийслэлийн жишиг дүүрэг гээд хэлчихэд маргах хүн нэг олон гарахгүй л болов уу. Мань Б.Батзориг өөрөө хар багаасаа залуучуудын байгууллагаар хүмүүжиж, хувьсгалт залуучуудын эвлэлийн хотын салбарыг толгойлж явсны хувьд, хожим нь бизнес хүч сорьж, улмаар хотын иргэдийн хурлаас улс төрийн карьераа эхэлсэн учраас зохион байгуулах, аж ахуйн ажил эрхлэх гойд мэдрэмжтэй нэгэн аж. Хамгийн наад зах нь Баянзүрх дүүргийн төр захиргааны ордонг бараа сүртэй мөртлөө бүгдэд хүрэлцээтэй сав болгоодохов. Бусад дүүрэгт иргэд нь хөлс баасаа урсган төрийн үйлчилгээнд дугаарлаж байхад Баянзүрхийн ард түмэн төрийн ордондоо гэрлэж, төрийн ордондоо хуралдаж, засгийн үйлчилгээг очер дугааргүй авч байна. Энэ мэт зүтгэл, зүдрэл нь Б.Батзоригийг энэ цагийн үеийн Баянзүрх дүүргийн Баатар ван болгочихжээ. Тэгэхээр Б.Батзориг бярдах маягтай гарах юм болов уу даа.
Ж.Батзанданг даанч голгүй луйвардсан даа!
Жагсагч Батзанданг Жалбасүрэнгийн Батзандан гэж тойргийнх нь иргэд дуудах болж. Овоо доо хөөрхий, овгийг нь одоо л нэг дуудаж эхэлж. Оюутолгойгоосоо Монголын тал 2 хувийг л эзэмшинэ гэж байхад поошиг нүдэж, помидор шидэн байж 34 хувьд хүргэсэн гавьяаг нь биш, “ударыг” нь сонсдог, сонирхдог байсан зарим хүмүүс одоо л түүнийг ойлгож, хүлээн зөвшөөрч эхэлсний гэрч нь энэ. Дарга нарын “Яах аргагүй сайн гэрээ болсон” гээд байгаа Оюутолгойн гэрээг өдий зэрэгтэй засахад Ж.Батзандан тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн түүхэн үүрэг гүйцэтгэснийг, монголчууд бид эх орондоо эзэн нь юм шүү гэдгийг мэдрүүлж өгсөн зоригийг нь миний Монголын ард түмэн санаж явдаг нь даанч сайхан. 2008 онд бусдаасаа хол тасархай түрүүлж явсан Ж.Батзандан санал хураалтын орой хамраараа тасдуулаад өвдөг шороодсон хачин түүх одоо ч мартагдаагүй байна. Сүүлд сонсох нь ээ, Батзандангийн нэрийг андуурч дуудах өвчин бүх хэсгийн хороод дээр гарсан байдаг юм. Энэ операцийг өнгөт хацартай нэг хүн санаачлаад, өрөөсөн “тархитай” өөр нэг хүн дэмжсэн гэх цуу яриа бий. Харин энэ удаад Ж.Батзанданг хаа явсан газар нь Баянзүрхчүүд алга нижигнүүлэн хүлээж авч байна. “Ахын дүү бууж өгөөгүйд чинь баярладаг шүү” гэх эршүүд хоолой, “Миний хүү зоригтой байгаарай” хэмээх буурлын захиас, “Зандан чамайгаа заавал гаргана аа” гэсэн хайрын шивнээ Баянзүрхэд сүүлийн өдрүүдэд үерлэж байна. Энэ залууд шаанс байгаа бололтой. Дахиад янз бүрийн хацартай, харалган хүмүүс гай тарьчихгүй бол Зандан хүүгийн зам гэрэлтэй л харагдаж байна.
З.Алтай Зориг намд орсон нь зөвдсөн үү, буруудсан уу?
Уг нь манай Алтай шударга талдаа юм шүү дээ. Хааяа нэг хадуурчих гээд байдгаас биш үүргэвчээ үүрээд алхвал ч биднийгээ олон жил баярлуулах ховорхон хөтлөгч дөө. Өнгөрсөн сонгуульд энэ тойрогт өнгөлж байсан Алтай одоо ер нь яажшуухан явна даа, хөөрхий. Зориг намд элссэнээс хойш нэг л золбоогүй харагдаад байна гэх үгс мэр сэр дуулдана билээ. Уг нь бие даачихсан бол байдал арай өөр байж мэдэх л байсан юм. Гэхдээ 25-ын эфир цэлийж байгаа цагт хоёр үгээр мань эрийн давааг дүгнэчихэж болохгүй шүү.
Д.Арвин сонгогдвол рекорд тогтооно
Хэнтий нутгийн ард түмний итгэлийг дааж парламентад гурван удаа дараалан сонгогдсон хашир туршлагатай, хал үзэж халуун чулуу долоосон нэр дэвшигч бол Д.Арвин мөнөөсөө мөн. Тойргоо сольсныг гоочлох хүмүүс олон байдаг ч төрсөн нутаг руугаа хүлгийн жолоо залсан хүнийг буруутгах аргагүй. Хэрвээ Арвин гишүүн одоо сонгогдвол Монголын төрд дөрвөн удаа дараалан сонгогдсон хамгийн анхны эмэгтэй улс төрчөөр тодрох билээ. Шазруун, шалмаг Арвин гишүүнд Баянзүрхийн ард түмэн итгэл үзүүлэх эсэхийг харах мөч ойртож л байна даа.
Б.Мөнхбаатар хотоо дэндүү мэднэ
Хотын орлогч Б.Мөнхбаатар энэ тойргийн бас нэгэн хүчтэн. Хотын амьдрал, хотын асуудлыг дэндүү сайн мэдэх энэ залууд олон түмэн ам сайтай байх юм билээ. Англид боловсрол эзэмшсэн түүнийг англиар ярихад харийн гийчид өөрөөсөө ичдэг гэсэн шүү.
Д.Ганхуягт нэг бодол бий
“Бриж” группын босс гурав дахь удаагаа энэ тойргоос сонгогдохоор мандатаа өвөрлөөд манаргаж явна. Сав л хийвэл хэвлэлийнхнийг шүүхэд дуудаж, сэтгүүлчдэд “айлгалын” бичиг дайдаг энэ эрхмийн талаар хэлэх хоёр зүйл байна. Зүв зүгээр явахад нь оролдоод байдаг бол од юмаа л гэж хэлмээр байна. Зүггүй байснаа бичүүлчихээд зарга хийдэг бол олиггүй л байна даа гэж захьмаар бодогддог шүү. Өөр зүйлгүй дээ. Ганхуягийн тухайд ганц сурсан зүйл нь сонгуульдах болов уу гэж итгэж байна. Тэгэхээр мань эрд нэг дориун мэх байж мэдэх л юм.
Захын босс И.Нарантуяа
“Хан талст” компанийн захирал, Баянзүрх захын босс энэ эмэгтэй өнгөрсөн сонгуулийн шазруун өрсөлдөгчдийн нэг байсан. Энэ жил бол нам жим, аядуу тайван хөдөлж байгаа. Бариандаа ч мөн тэгэсгээд орох болов уу гэсэн багцаа төрөхөөр нэг тийм амгалан төрхтэй, дуу шуу багатай нэр дэвшигч АН-ын дансан дээр энэ тойргоос даагаа нэхэж буй.
О.Чулуунбатыг Н.Энхбаярын гэрээс эсэн мэнд гарч ирсэнд баярлах хэрэгтэй
Тэр баривчилгааны үеэр диван доор хэвтэж байсан хүн өнөөдөр сонгуульд нэрээ дэвшүүлээд явж байна гэдэг бас ч “хувь заяа” шүү. Гарах гарахгүй нь хамаагүй, Н.Энхбаярынхаас эсэн мэнд мултарсан гэдгээ хотын зүүн хязгаарын иргэдэд нүүр тулан уулзаж хэлнэ гэдэг бол том боломж. Хийх хийхгүй нь хамаагүй, их хуралд сонгогдох амин чухал хэрэгцээ мань эрд байгааг тэр шөнийн явдлыг харсан хүмүүс ойлгох л ёстой шүү. Монгол банкны ерөнхийлөгч асан энэ хүнийг ойгүй толгойтой гэж магтах хүн олон байхад, овсгой нь дэндсэн гэж матах хүн цөөнгүй бий. Экс ерөнхийлөгч салаавч гаргачихаагүй бол МАХН-ын фон дээр маадгар зүтгэчих байсан О.Чулуунбат одоо бол “Хэрхэхийг хуруу мэдтүгэй” гээд хээв нэг “тууж” явна.
Дүгнэлт:
Ерөнхий байр байдлаас нь ажихад Батзориг, Батзандан хоёр нь баараггүй гарчих нэг тийм шинж ажиглагдаад байна. Араас нь Арвин, Алтай, Мөнхбаатар, Ганхуяг нэр нэхэж яваа юмуу даа. Энд дурьдагдаагүй бас бус нэр дэвшигчид дотор ч “эвгүй” нөхдүүд бий. За тэгээд сонгууль бөөрөнхий шүү дээ, дүн гарахаас нааш тэр нь гээд хэлчихэж болдоггүй л дамшиг даа.
Ө.Мэргэндүү
Сэтгэгдэл ( 2 )
ыйбйы
14 хорооны эргэд гудамжинд амьдарч гудамжинд төрж үхэж байна