Энэ жилийн сонгуулийн хувьд нэр дэвшигчдийн дотор эзлэх эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж, мөн СЕХ-оос нам,эвслүүдийг бүртгэж баталгаажуулахдаа энэ шалгуурыг ихээхэн харгалзаж үзсэн нь дэвшилттэй сайн тал гэхээр. Тиймээс ч энэ сонгуульд хангалттай олон тооны бүсгүйчүүд нэр дэвшин өрсөлдөж байгаа. Ялангуяа Иргэний Хөдөлгөөний Нам нийт нэр дэвшигчдийн 90 хувийг бүсгүйчүүдээр бүрдүүлсэн нь Монголд төдийгүй дэлхийд гараагүй үзэгдэл боллоо хэмээн олон нийт сайшааж байна.
Ажилгүйдэл,ядуурлаас шалтгаалан архидалт, замбараагүйтэл газар авч яг л ээжгүй өнчин өрөөсөн хүүхэд шиг уруу дорой болсон Монголын нийгмийн өнөөгийн нөхцөлд энэ бүхнийг засаж залруулах үйлсэд эмэгтэйчүүдийн торгон мэдрэмж яах аргагүй зайлшгүй хэрэгтэй байна.
Эр,эм хэмээн ялгаварладаг эртнээс улбаалсан үзэл бодлоо энэ удаад таягдан хаяж, бүсгүйчүүдээ шийдвэр гаргах түвшинд залж, төрийн жолоог атгуулаад үзвэл ямар ч байсан алдахгүй нь мэдээж.
Тэгээд ч өнөөгийн Монголд эрчүүдээсээ хүүхнүүд нь илүү хариуцлагатай болж, ар гэрийн амьдрал ахуйгаа нуруундаа үүрч, төрийн ачаанаас хөнгөлөлцөж яваа нь хэн бүхний нүдэнд илт харагдаж байгаа. Үүнтэй хэн ч маргах аргагүй. Энэ бол Монголын өнөөгийн нийгмийн гашуун үнэн.
Үүнээс харахад гэрээ засаж чадаж байгаа бүсгүйчүүд төрөө засаж чадах нь хэнд ч ойлгомжтой зүйл.
Нийгэмд архагшин, улс орны ирээдүйн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа эмзэг асуудлууд болох архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүмүүжил төлөвшилд анхаарсан цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд парламент дахь эмэгтэйчүүдийн дуу хоолой юунаас ч чухал. Зөвхөн бүсгүй хүн л уран бэрийн нүүдэл хийн ухаалгаар шийдвэрлэж чадах түм буман нарийн асуудлууд Монголын өнөөгийн нийгэмд бугшчихаад, яаж аргалах гарцаа олж чадахгүй сааталд орчихоод байж байна.
Төрөөс хэрэгжүүлж буй халамжийн бодлого болох бэлэн мөнгөний тараалт бол яах аргагүй аав хүний хийдэг ажил шиг харагдаж байгаа. Аав хүн л хүүхдээ мөнгө нэхэхээр түүнийг нь өгчихөөд өөр нарийн ширийн асуудлыг нь сонирхолгүй гараад явчихдаг шиг. Гэтэл амьдрал дээр зөвхөн дан ганц мөнгөөр зохицуулж болдоггүй өчнөөн асуудал байдаг. Энд л эмэгтэй хүний нарийн мэдрэмж, ээж хүний элбэрэлт сэтгэл яах аргагүй үгүйлэгдэж байна.
Энэ бүхнийг тооцоолж үзээд эр, эм, чи би гэлтгүй, бүсгүйчүүддээ түлхүү санал өгөөд үзвэл...
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )