Я.Батцэцэг: Миний хамгийн сайн туслагч миний хань

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

Блиц асуулт

Төрсөн нутаг, төрсөн газар – Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг ажилчдын районд өссөн.

Боловсрол – санхүүгийн эдийн засагч

Хөдөлмөр эрхэлсэн он жилүүд 1982-1991 он хүртэл Хүнсний үйлдвэрийн яам, ноосны үйлдвэрийн нэгдэлд эдийн засагч, мэргэжилтэн , 2002-2008 он хүртэл ЦБ Бүрэн бус хариуцлагатай компанийн захирал, 2008 оноос “ Атимос Трейд ” компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.

Гэр бүлийн байдал: Ам бүл 8. Нөхөр 6 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр Б.Бат – Орших нь ЦЕГ-ын хүч нийгэмлэгийн дасгалжуулагч.

-Таны олон нийтийн сонгуульт ажлаар сонин сайхан юу байна?

-  “ Үндэсний эв эе” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны тэргүүн гэсэн сонгуульт ажлыг хийж байна. Олон намын  төлөөлөл болсон бүсгүйчүүдээс  бүрдсэн уг байгууллагыг нийгэмд таниулах, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний эв нэгдлийг бий болгох зэрэг чухал ажлуудыг гүйцэтгэж байна. Бидний явуулж байгаа үйл ажиллагаа амжилттай, үр дүнтэй байгаа нь зөв зорилго чиглэлээр том эрх ашгийн төлөө сэтгэл шулуудан ажиллаж байгаа манай баг хамт олон урам зориг өгч байна.

- Хувийн бизнес үйл ажиллагааныхаа зэрэгцээ нийгмийн өмнө үүрэг хүлээх энэ их ачааг үүрч явах эр зориг гаргахад тань ямар хүчин зүйл илүүтэй танд нөлөөлсөн бэ?

- Улс орныхоо хөгжлийг онцгой цаг үед амьдарч буй бидний өмнө нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хүчээ нэгтгэх цаашилбал улс төр, хууль тогтоох байгууллага, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан зэрэг хүчин зүйл нөлөөлсөн, нөгөө талаас надад энэ ажлыг хийх итгэлийг өгсөн олон эмэгтэйчүүд хамтран ажиллаж, дэмжиж байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө хүчин зүтгэхээр зорьсон юм.

- Өнөөгийн хүмүүсийн эмэгтэйчүүдийн нийгмийн оролцооны талаарх таны бодол? Эерэг болоод сөрөг талыг дурдвал?

-Өнөөгийн хүмүүст  эмэгтэйчүүдийн талаар эерэг ойлголт нь илүү байна. Эмэгтэйчүүд нийгмийн хамгийн бүтээлч хэсэгт олноор ажилладаг, эмэгтэйчүүд маань шударга, тууштай, хөдөлмөрч, өндөр боловсрол мэдлэгтэй, ил тод, аливаа үйл хэрэгт хариуцлагатай байдаг чанарыг нийгэм хүлээн зөвшөөрч байна. Сөрөг тал нь эмэгтэйчүүдийн улс төр нийгмийн хүрээнд өргөн дөлайцтай үйл ажиллагаа явуулах хэмжээний санхүүгийн хуримтлал бий болоогүй, нөгөө талаас эмэгтэй хүн эзэгтэй хүн ахуйлаг талдаа илүү анхаардаг, эх хүн гэрийн эзэгтэй гэсэн уламжлалт ойлголт байдаг нь сөрөг хандлага юм. Гэхдээ сүүлийн үед судалгааны байгууллагуудын хийсэн нийгмийн сэтгэл зүйн судалгаанаас эерэг тал нь ихэд давамгайлж байгаад баяртай байна. Энэ нь манай эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудын үйл ажиллагаа, улс орны хөгжлийн түвшин дээшилж байгаатай холбоотой юм. Мөн дэлхийн улс орнууд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь үүний дотор хөгжингүй орнуудад эмэгтэйчүүдийн байр суурь өндөр байдагтай холбоотой гэж үзэж болно.

-Эв нэгдэл хөдөлгөөний тухай танилцуулна уу?

-Энэ байгууллагыг “Үндэсний эв эе ” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо гэж нэрлэдэг юм. Манай МАН, АН , ИЗ-НН, бусад улс төрийн намуудын дэргэдэх ТББ-ууд, бизнесийн төлөөллийн олон  чадварлаг, манлайлагч, оюунлаг, мэдлэг боловсролтой эмэгтэйчүүд нэгдэн орсон. Одоо ч нийгмийн бүхий л салбараас олон эмэгтэйчүүд нэгдэж байна. Бид үйл ажиллагаагаа зөв хандлагаар эрчимтэй, тууштай явуулж, зорилго чиглэлээ тодорхойлон ажиллаж чадвал Монгол Улсын ирээдүйн шилдэг манлайлагч, удирдагчийг төрүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

-Сонгуулийн “тактик ”-аа та бүхэн хэрхэн харж байна?

- Сонгуулийн үйл ажиллагаанд бид маш нухацтай хандаж, судалгааны баримтыг түшиглэн зохион байгуулалттайгаар оролцохыг зорьсон. Гэхдээ  шинэчлэн батлагдсан хуулиар эмэгтэйчүүдийн квот нэлээд түлхүү орж ирсэн, өмнөхөөсөө. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар 10 гаруй бүсгүй парламентад орж ирэх байх гэж найдаж байна.

-Таны хамгийн их сэтгэл зовниж явдаг нийгмийн асуудал юу байна вэ?

-Сэтгэл зовж явдаг хэд хэдэн асуудал байдаг. Улс төрийн тогтолцооны гажуудал, улс орон дахь олигархижсан бүлэглэлийн удирдлага, нийгмийн баялгийн тэгш бус  хуваарилалт, үүнтэй уялдан гарч ирж буй ядуурал, архидалт, ажилгүйдэл, боловсролын гаж тогтолцоо зэрэг олон олон асуудал эмзэглэж явдаг.

-Гэр бүлийнхэндээ цаг гаргахдаа ямар хоол унд хийдэг вэ? Таны хамгийн сайн туслагч хэн бэ?

-Миний хүүхдүүд том болсон учраас ээждээ тусламж өөрсдөө бүхнийг зохицуулан хийдэг болохоор би нэг ёсны жаргах үе дээрээ явж байна. Мэдээж хамгийн сайн туслагч маань миний хань юм.

Гэхдээ манай гэр бүлд ижил тэгш эрх бие биеэ хүндлэн хайрлах тийм ёс хэвшсэн. Нөхөр, хүүхдүүд маань гол төлөв махан төрлийн хоол хийдэг. Би гэртэй байхдаа төрөл бүрийн ногоогоор амттай хоол хийж гэрийхнийгээ баярлуулдаг.

-Та залуу эмэгтэйчүүдэд хандаж юу хэлмээр байдаг вэ?

-Монголын эмэгтэйчүүд бүгдээрээ оюунлаг, чадварлаг, улс орныг түших тулгуур, итгэл найдварын эзэд байж чадсан одоо ч байсаар байна. Гэхдээ эрэгтэйчүүд эмэгтэйчүүд гэхгүйгээр залуучууддаа зориулаад хэлэх дуртай хэдэн үгс байдаг. Хүн зорилготой байх нь хамгийн чухал юм. Өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд тууштай хөдөлмөрлөж, байнга өөрийгөө чадваржуулах, мэдлэг боловсролоо дээшлүүлж, цагаа зөв зарцуулах, ар гэрийн амьдрал, нийгмийн оролцоог зөв зохицуулж сурах нь чухал байдаг. Ердөө л энэ бүхэн амжилтын эх үндэс нь байдаг.

-Танай байгууллагыг нэг зорилго шийдвэр гаргах, хууль тогтоох түвшинд эмэгтэйчүүд байх явдал. Яагаад байх ёстой вэ?

-Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэг зүйл бол эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд олноо нь томилох явдал. Энэ нь эмэгтэй хүнд өөрт нь байдаг олон давуу чанараас үүдэлтэй бодит амьдралд нотлогдсон хүчин зүйлстэй холбоотой. Эмэгтэй хүн шударга байж чаддаг. Нууцыг хадгалж чаддаггүй буюу ил тод байдаг. Тийм болохоор ямар нэгэн фракци бүлэглэлд эрчүүд эмэгтэйчүүдийг оруулах дургүй байдаг. Мөн ахуйлаг, нийгэм талдаа үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй байдаг учраас авилгалд өртөх нөхцөл байдал туйлын бага. Нөгөө талаар эмэгтэй хүн ямар нэгэн ажлыг эхлүүлсэн бол дуусгахуйц тууштай, хөдөлмөрч, дайчин шинж чанартай. Мөн эмэгтэй хүн аугаа удирдагч, сурган хүмүүжүүлэгч. Нэг ёсондоо өрх гэрийн менежер учраас нийгэмд гарч ирэхэд энэ шинж чанар нь ихээхэн үр өгөөжөө өгч чаддаг. Чадвартай, мэдлэгтэй, өндөр ёс суртахуунтай эх хүнээс тийм л хойч үе хүмүүжүүлэгдэн гарч ирдэг. Тэгтэл өнөөдөр энэхүү эмэгтэй хүний ахуйлаг шинж чанар засаг төрийн бодлогод орхигдож ирсэн учраас нийгмийн бухимдал үүсээд байна шүү дээ. Тиймээс цаг үеийн шаардлага, Монгол улсын эрх үүднээс шийдвэр түвшинд эмэгтэйчүүд ахиухан байх хэрэгтэйг хүн бүр ойлгон дэмжиж байна. Энэ нь бидний явуулсан хэд хэдэн олон нийтийн судалгааны үр дүнгээс харагдаж байна. Хамгийн сүүлийн үеийн судалгааг харахад эмэгтэйчүүдээ дэмжье, тэдэнд саналаа өгье гэсэн сонгогчийн санал сараас сард 20-30 хувиар нэмэгдэн гарч байна. Монголын ард түмэн 2012 оны сонгуульд эмэгтэйчүүдэд нам харгалзахгүй саналаа өгөх итгэл үнэмшил өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь судалгаа мөн батална. Харин бид энэ бүхний эхэнд түүчээ болж чадсандаа бахархаж байгаа. Энэ амжилтын үндэс нь нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулж, өөрчлөлт шинэчлэлийг хүсэж байгаа эмэгтэйчүүдийн чиглэлээр зйл ажилллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, нийгмийн идэвхитэй дэвшилтэт үзэлтэй эмэгтэй хүн бүрийн хуввь нэмэр, хөлс хүч шингэсэн болно.

- Ер нь эмэгтэйчүүд төрийн дээд түвшинд очоод элдэв бүтэхгүй нэр гуншин авч, ажил үйлсээ харуулсан тухай сонсож байгаагүй юм байна шүү?

-Монголын төрд байсан, одоо ч байр сууриа хамгаалан ажил үүргээ гүйцэтгэж байгаа эмэгтэйчүүд ямар нэг байдлаар авилгад өртөж , улс төрийн сөрөг хуйвалдаанд оролцож байгаагүй. Тэр олон толгойн гэрээг батлах үед нэг ч эмэгтэй хүн оролцоогүй. Урьд өмнө нь илэрч, шалгагдаж байсан авилгын томоохон хэргүүдэд нэг ч эмэгтэй хүн нэр холбогдоогүй. Манайд олон жил сонгогдсон Ганди, Арвин, Оюун, Оюунхорол гээд эмэгтэй гишүүд, дээрээс нь сайд хийж буй олон бүсгүйчүүд бохир улс төрд оролцоогүй өнөөг хүрснийг баттай хэлнэ. Яахав хардсан сэрдсэн яриа байдаг боловч тэр нь гүтгэлгийн шинжтэй явган яриа, эсрэг хүйсний дайралт байдаг. Ер нь ард түмэн хэн ашигтай зүйлийг хийж, ашигтай амьдралын нөхцлийг бий болгож чадаж байна тэр нь улс орныг залж чиглүүлэх учиртай. Харин Монголын төрийг түшилцэж, түмний хүндэтгэлийг хүлээж өнөөг хүрсэн эмэгтэйчүүдэд энэ бүхэн нь цогцолсоныг цаг хугацаа харуулж баыйна. Тиймээс төрд эмэгтэйчүүдийн оролцоог үүрэг чухал гэдгийг дахин дахин хэлээд байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дондог(122.201.22.139) 2015 оны 02 сарын 06

Монгол эр хүний чанар бүхэн шингэсэн сайн ханьтай мэдлэг чадвартай ажил төрөлтэй сайхан хүүхдүүдтэй шударга хөдөлмөрч дайчин бүсгүй манайх энэ гэрбүлтэй олон жил айл саахалт байсан монголчуудын атаа чөтөө хүний сайхан амьдралд жөтөөрхөж явдаг өөдгүй занг энэ доорхи зүйлийг бичсэн хүнээс харж болно ӨӨрөө л хүний шаар шаалгаж явдаг гар бна даа

0  |  0
Таньж бна уу(203.91.119.100) 2014 оны 12 сарын 16

Шаана биз... Архичин нөхөр, ажилгүй хүүхдүүд чинь ясыг чинь цайлгах вийдээ луйварчин авгай минь

0  |  0
Top