Монгол улсын Их Хурлын сонгууль-2012

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

СОНГОГЧ ТАНАА

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” хэмээн тунхагласан байдаг.

Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэд дөрвөн жил тутам явагддаг Улсын Их Хурлын сонгуульд оролцож төрийн эрх барих дээд байгууллагаа сонгодог билээ.
Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгох, сонгогдох эрх эдлэхгүй.
Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэрээ дэвшүүлэх эрх нь 25 наснаас эхлэн үүсэх бөгөөд хуулинд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэд сонгогдох эрхтэй байдаг.

Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулиар Улсын Их Хурлын 76 гишүүний 48-ийг нь олон мандаттай томсгосон тойргоос, үлдсэн 28-ийг нь нам, эвслийн нэрийн жагсаалтаас нам, эвслийн нэрээр сонгох юм. Ийнхүү сонгуулийг мажоритар, пропорциональ хосолмол тогтолцоогоор явуулахаас гадна сонгуулийн санал хураах, тоолох ажлыг автоматжуулсан төхөөрөмжөөр гүйцэтгэх гэж байгаагаараа онцлог юм.
    
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ СОНГУУЛИЙН ОНЦЛОГООС

• Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт 2012 оны 6 дугаар сарын 28-ны Пүрэв гарагт явагдах бөгөөд энэ өдөр ажиллаж байгаа албан байгуулага ажилтан, ажиллагсдаа санал өгөх боломжоор нь хангах үүрэгтэй.

• Сонгуулийн санал хураалт өмнөх сонгуулийнхаас 2 цагаар богиносч 07.00 – 20.00 цагт явагдахаар боллоо.

• Сонгуулийн тогтолцоо шинэчлэгдэж энэ удаагийн сонгууль мажоритар болон пропорциональ /хувь тэнцүүлэх/ тогтолцоо бүхий хосолмол тогтолцоогоор явагдана. Монгол Улсын нутаг дэвсгэрийг 26 тойрог болгосон.

• Мажоритар тогтолцоогоор 26 тойргоос 48 хүн Улсын Их Хуралд сонгогдох юм. Аймгуудад байгуулагдсан 20 тойрогт 34 мандат ногдоно. Өөрөөр хэлбэл, 34 хүн сонгогдох юм. Харин нийслэлд байгуулагдсан 6 тойргоос 14 хүн сонгогдоно. Тойргуудаас сонгогдсон 48 хүнийг тойргийн хороо сонгогдсонд тооцож шийдвэр гаргана. Гэхдээ тухайн тойргийнхоо сонгогчдийн 28 буюу түүнээс дээш хувийн санал авсан байхаар босго тогтоосон. Санал хураалтын дүнг хүчинтэй саналаар тооцож гаргадаг.  

• Пропорциональ буюу хувь тэнцүүлэх тогтолцоогоор үлдсэн 28 гишүүнийг сонгуульд оролцогч нам, эвслийн нэрийн жагсаалтаас сонгох юм. Нам, эвслүүд 28 хүртэл хүнээ жагсаалтанд бичиж сонгогчдод танилцуулна. Сонгогч нам, эвслийн мөрийн хөтөлбөртэй нь танилцан саналаа өгөхдөө хэрвээ би энэ намд, эсхүл эвсэлд саналаа өгвөл жагсаалтын эхнээс эдгээр хүмүүс сонгогдох юм байна гэсэн итгэл үнэмшлээр сонгох юм. Харин нам, эвсэлд өгсөн саналыг Сонгуулийн ерөнхий хороо улсын хэмжээнд нэгтгэн дүгнэж, авсан саналынх нь хувиар дараалалд оруулна. 5 буюу түүнээс дээш хувийн босгыг давсан нам, эвсэлд энэхүү босгыг даваагүй нам, эвслийн авсан нийт саналын хувийг тэнцүү хуваан босго давсан нам, эвсэлд тэнцүү хуваан нэмж тооцно. Ингээд босго давсан нам, эвсэлд өгсөн саналд нь харгалзах суудлыг хуваарилан 28 гишгүүнийг сонгох юм.

• Нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэж хуульчилсны дагуу нэр дэвшигчдээ бүртгүүлсэн.

• Монгол Улс түүхэндээ анх удаа гадаад оронд ажиллаж, амьдарч буй сонгуулийн эрх бүхий иргэдийнхээ саналыг 6 дугаар сарын 10-ны өдөр авлаа. Гадаад оронд байгаа 39 дипломат төлөөлөгчийн газар байрладаг газарт сонгуулийн Салбар комисс байгуулагдаж, нийт 2779 сонгогч өөрийн дэмжиж буй нам, эвслийн төлөө саналаа өглөө.

• Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэлийн улсын санд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцан үйлдэж, 3-р сарын 15-ны өдрөөс www.burtgel.mn цахим хуудаст байрлуулж сонгогчдод танилцах бололцоо олгов. Сонгогчдын нэрийн жагсаалтад аливаа өөрчлөлт оруулах, нэрийн жагсаалттай холбоотой иргэдийн гомдлыг улсын бүртгэлийн холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлж байхаар боллоо. 

•    Хэсгийн хороо 2012.06.08-наас өмнө өөрийн байранд  ил тавьж, сонгогчдод танилцуулж байна.

•    Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг томилж ажилллуулж байна. Улсын хэмжээнд 26 тойргийн хороо, 334 салбар хороо, 1907 хэсгийн хороонд нийт 18000 орчим төрийн албан хаагч ажиллаж байна.

•    Сонгуулийн хороодын болон сонгуульд оролцогч нам, эвсэл, төрийн болон хэвлэл мэдээллийн, бусад байгууллага, албан тушаалтан, хууль бус үйлдэл гаргасан сонгогчид хүртэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны шийтгэл ногдуулахаар хуулийн хариуцлагын тогтолцоог чангатгасан байна.

•    Нэг барилга байгууламжид хэд хэдэн санал авах байр байрлаж болох ба санал авах байр бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 1-ээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг байрлуулахаар хуульчилсан.

•    Сонгуулийн ерөнхий хорооноос Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооноос ирүүлсэн зөвлөмжийн дагуу сонгуулийн санал авах байруудад дотоод бололцоогоо ашиглан налуу орц, гарц бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал тэмдэглэх бүхээгт томруулдаг шил тавих зэрэг бололцоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сонгуулийн хороодод үүрэг болгов.

•    Сонгуулийн үйл ажиллагаанд Төрийн бус байгууллагууд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх болсонтой холбогдон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бизнес инкубатор төв, Монголын тэргэнцэртэй иргэдийн иргэдийн үндэсний холбоо Сонгуулийн ерөнхий хорооноос дээрх үйл ажиллагааг явуулахаар зөвшөөрөл авсан.

•    Сонгуулийн үйл ажиллагаанд автоматжуулсан систем ашиглахаар болж сонгогчийн бүртгэлийн үйл ажиллагаа, сонгогчийн санал авах ажиллагаанд автоматжуулсан төхөөрөмж, тусгай програм хангамж ашиглана.
 
СОНГОГЧ ТАНД ДУУЛГАХАД:
•    Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ  6 дугаар сарын 18-аас өмнө шалгасан байх хэрэгтэй.

•    Сонгуулийн санал авах өдөр буюу 6 дугаар сарын 28-ны өдөр сонгогчдын нэрийн жагсаалтад аливаа нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно. 

•    Сонгогчийг зөвхөн сонгуулийн нэг хэсэгт сонгогчдын нэг нэрийн жагсаалтад бүртгэнэ.

•    Сонгогчдын хурууны хээний мэдээлэл бүхий мэдээллийн сангаас саналаа өгөхөөр ирсэн сонгогчийн мэдээллийг тусгай програмын тусламжтай хайлт хийж бүртгэнэ.

ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ:

•    Саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний тусламжтайгаар саналаа өгч болно. Хэсгийн хорооны гишүүн энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

•    Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй сонгогчдын саналыг 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 9.00-18.00 цагийн хооронд тэдгээрийн байгаа газарт очиж зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авна.

•    Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчид зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ 6 дугаар сарын 23-наас өмнө хэсгийн хороондоо бичгээр гаргана.

•    Уг хүсэлтэд сонгогчийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын тодорхой хаяг, утасны дугаар, гарын үсэг эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, утасны дугаар гарын үсэг тодорхой бичигдсэн байх бөгөөд санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй шалтгаан, биеийн эрүүл мэндийн байдлын тухай тодорхой бичиж, эмч, эмнэлгийн байгууллагын магадлагааг хавсаргасан байна.

•    Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаараа нэг бүрчлэн хэлэлцэн, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах эсэх тухай хариуг сонгогчид санал авах өдрөөс өмнө бичгээр, эсвэл амаар нэн даруй мэдэгдэнэ.

•    Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны 2-оос доошгүй гишүүн хүсэлтэд дурдсан оршин суугаа газрын хаягаар нь очиж авна.

•    Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажлын явцад ажиглагчийг хамт явуулж байлцуулж болно.

•    Сонгогч саналаа нууцаар өгөх бөгөөд ийнхүү нууцаар  саналаа өгөх боломжоор хангагдсан байна.

•    Санал өгөх үед санал авч буй байранд /айлд/ хэсгийн хорооны гишүүн, ажиглагчаас өөр хүн байхыг хориглоно.

•    Сонгогч тэмдэглэл хийсэн саналын хуудсаа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ.

•     Сонгогч саналаа өгөхдөө алдаа гаргаж саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсыг зөөврийн битүүмжилсэн хайрцагт хийхээс өмнө хэсгийн хорооны гишүүнд мэдэгдэж хураалган, дахин нэг саналын хуудас авч болно. Энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

•    Хэсгийн хорооны гишүүд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахаар очих үед сонгогч өөрийн хүсэлтэнд заасан хаягтаа байхгүй, эсвэл сонгогч хаягаа тодорхой бичээгүйн улмаас олоогүй бол  дараагийн сонгогчийн саналыг авахаар явах тул Та хүсэлтдээ хаягаа маш тодорхой бичих хэрэгтэй.

СОНГОГЧ САНАЛАА ӨГӨХ АЛХМУУД:
1.    Сонгогч санал авах байранд өөрийн биеэр ирж саналаа өгөх ба санал авах байранд ормогц бүртгэлийн ажилтанд иргэний үнэмлэхээ өгч хурууны хээгээ төхөөрөмжид шалгуулан “Бүртгэлийн хуудас” авна.
2.    Хэсгийн хорооны ажилтанд “Бүртгэлийн хуудас”-аа өгч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авна.
3.    Санал бэлтгэх бүхээг болон саналын хуудсан дахь санал тэмдэглэх тухай зааварт заасны дагуу саналаа тэмдэглэнэ.
4.    Саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийнэ.

СОНГОГЧ САНАЛАА ТЭМДЭГЛЭХ:
•    Санал тэмдэглэх бүхээг болон саналын хуудсанд байх заавартай өөрөө болон дотны туслагч, итгэмжлэгдсэн хүнийхээ туслалцаатайгаар сайтар танилцаарай.

•    Сонгогч саналаа тэмдэглэхдээ өөрийн дэмжиж буй нэр дэвшигч, нам эвслийн нэрийн өмнөх дугуйг саналын хуудсанд бичигдсэн зааврын дагуу зориулалтын үзгээр дүүргэж будна.

•    Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа сонгогч Та саналаа өгөхдөө саналын хуудасны 2 хэсэгт тэмдэглэл хийнэ. Эхний хэсэг нь Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн төлөө санал өгөх хэсэг, дараагийн хэсэг бол сонгуульд өрсөлдөж байгаа нам, эвслийн нэрийн бичсэн талбай. 

СОНГОГЧ ТА:
1. Булган, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн 1 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн өмнөх дугуйг /       / дүүргэн будаж /       / саналаа тэмдэглэнэ.

Нэр дэвшигч
2. Өөрийн сонгохыг хүссэн 1 нам, эвслийн өмнөх дугуйг /        / дүүргэн будаж /       / саналаа тэмдэглэнэ.
Нам эвсэл

СОНГОГЧ ТА:
1. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймаг, Хан-Уул, Багануур, Багахангай, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн 2 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыг хүссэн 2 нэр дэвшигчийн өмнөх дугуйг /      / дүүргэн будаж /         / саналаа тэмдэглэнэ.
            Нэр дэвшигч
            Нэр дэвшигч
2. Өөрийн сонгохыг хүссэн 1 нам, эвслийн өмнөх дугуйг /      /  дүүргэн будаж /       /саналаа тэмдэглэнэ.
Нам эвсэл

СОНГОГЧ ТА:
1. Баянзүрх-Налайх, Сонгинохайрхан дүүргийн 3 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыг хүссэн 3 нэр дэвшигчийн өмнөх дугуйг /     / тус тус дүүргэн будаж  /      /саналаа тэмдэглэнэ.
            Нэр дэвшигч
            Нэр дэвшигч
            Нэр дэвшигч
2. Өөрийн сонгохыг хүссэн 1 нам, эвслийн өмнөх дугуйг /      /  дүүргэн будаж /       /саналаа тэмдэглэнэ.
Нам эвсэл

НИЙСЛЭЛИЙН СОНГОГЧ БОЛ:
Саналын хуудасны нүүрэн талд УИХ-ын сонгуульд саналаа өгч тэмдэглэл хийсний дараа саналын хуудасны ар талын хэсэгт нийслэлийн ИТХ-ын сонгуульд санал өгнө. Үүнд:

Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшигчийн төлөө санал өгөх хэсэгт өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн өмнөх дугуйг /       / дүүргэн /       / будна.

Нам эвслийн төлөө санал өгөх хэсэгт өөрийн сонгохыг хүссэн аль 1 нам, эвслийн өмнөх дугуйг /       / дүүргэн  /       / будна.

•    Сонгогч саналаа буруу тэмдэглэсэн бол саналын хайрцагт хийхээс өмнө хураалган дахин нэг саналын хуудас авч болно.
•    Та  саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийхдээ нүүрэн талаар нь хааш нь ч  харуулан хийж болно.
•    Санал тоолох төхөөрөмжийн саналын хуудас хийх зориулалтын хэсэгт тулган барихад автоматаар татаж авна.

САНАЛЫН ХУУДАС ХҮЧИНГҮЙ БОЛОХ ТОХИОЛДОЛ:
-Батлагдсан загварын бус, шаардлага хангаагүй саналын хуудас,
-Хуульд зааснаас өөрөөр тэмдэглэл хийсэн саналын хуудас.

САНАЛ ХҮЧИНГҮЙ БОЛОХ ТОХИОЛДОЛ:
- Саналын хуудас хэвлэгдсэний дараа нам, эвслийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүйд тооцсон бол тухайн нам, эвсэлд өгсөн санал
-Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассан бол тухайн нэр дэвшигчид өгсөн санал
- Нам эвслийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүйд тооцсон бол тухайн нам, эвслээс нэр дэвшигчид өгсөн санал
-Мандатын тооноос илүү, эсхүл дутуу тооны нэр дэвшигчид өгсөн санал
-1-с илүү, эсхүл дутуу нам, эвслийн төлөө өгсөн санал.

АВТОМАТ  САНАЛ ХУРААХ МАШИНЫ ДАВУУ ТАЛ:
•    Машин нь  кодтой, түлхүүртэй,нууцлалтай. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн санал хураах ажиллагааг нь саатуулах боломжгүй.
•    Хэсэгт 3000-4000 орчим сонгогчийн санал аваад хайрцаг дүүрдэг.
•    220 вт -оор ажиллана, цахилгаан тасарсан тохиолдолд 12-13 цаг хүртэл хугацаанд ажиллах зай дагалдсан.
•    Сонгуульд өрсөлдөж байгаа нам, эвсэл, бие даагч санал хураалтын дүнг зурган болон тоон хэлбэрээр авч нягтлах, боломжтой.

СОНГОГЧИД ХОРИГЛОХ ЗҮЙЛ:

•    Нэр, дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуй дүрсийг дүүргэн будахаас өөр тэмдэглэл хийх;
•    тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй байж санал өгөх, эсхүл хуурамч болон өөр хүний бичиг баримт ашиглах, санал өгөх, өгөхийг оролдох, хуурч мэхлэх;
•    санал авах байранд гаднаас өөр саналын хуудас авч орох, авч гарах;
•    саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх ;
•    саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа бусдад харуулах;
•    аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байх амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах;
•    саналын хуудсаа нугалах, гэмтээх.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
www.gec.gov.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top