Гадаад дотоодын 540 сурвалжлагч сонгуулийн явцыг сурвалжилна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн хэрэгжилт, сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сонгуулийн 26 тойргийн хороо, 333 салбар хороо, 1905 хэсгийн хороо байгуулагдаж тэдгээрт нийт 15549 албан хаагчид ажиллахаар бэлтгэгдээд байна. Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд туршилтын сонгууль зохион байгуулж, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллагуудаас олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулсан.

Энэ удаагийн сонгуулийг УИХ, НИТХ-ын хосолсон тогтолцоогоор зохион байгуулж байна. Сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэлийн үйл ажиллагааг Монгол улс түүхэндээ анх удаагаа автоматжуулсан системээр дүгнэх гэж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийг гадаадын улс орнууд анхааралтай ажиглаж байна. Олон улсын байгууллагын 50 гаруй ажиглагч, АНУ, Англи, Канад, ОХУ, БНСУ зэрэг 15 улсын 25 хэвлэл, мэдээллийн байгууллагын 40 гаруй сурвалжлагч бүртгүүлж үнэмлэхээ аваад байна. Түүнээс гадна дотоодын 60 орчим хэвлэл, мэдээллийн байгууллагын 500 орчим сурвалжлагчид сонгуулийн  ажиллагааг сурвалжлах юм байна.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн санал хураалтын  ирцийн мэдээг нэгтгэн гаргаж санал авах өдрийн 11.00, 16.00, 20.00 цагт тус тус нийтэд мэдээлнэ.

Сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцох нь чухал байна. Тиймээс сонгогчдыг сонгуульдаа заавал оролцохыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав уриаллаа.

Д.Шинээ  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top