Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтайн хамт дөнгөж сая Улсын Их Хурлын болон НИТХ-ийн 2012 оны сонгуульд саналаа өглөө. Ерөнхийлөгч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэр дэх Сонгуулийн 4 дүгээр хэсгийн хороо буюу Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн байранд саналаа өгсөн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: "Монгол Улс ардчилал, хөгжил дэвшилд хүрэх сонголтоо хийх нэгэн чухал үе тулгарч байна. Энэ удаагийн сонгууль маань Монгол улсын ардчилал хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн сонголт болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ улс орондоо ардчилсан, иргэний эрх зүйт шударга нийгэм байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан сайхан сонголт болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
Монголын төрийг аливаа ардчилсан иргэний нийгмийн адил манай иргэд сонгогчид бүтээдэг. Төрөө сонгох, төрөө бүтээх үйл ажиллагаанд нийт иргэдээ идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж байна. Мөн сонгуульд оролцож байгаа иргэд нэр дэвшигчид, улс төрийн намуудад хуулийг чанд сахиж, ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж, хүлээцтэй, тэвчээртэй хандахыг хүсч байна.
Ингээд энэ удаагийн сонгууль өмнөх түүхэн сонгуулиудын адил Монголын хөгжил дэвшил, Монголд эрх зүйт шударга нийгмийг байгуулахад түүхэн хувь нэмэр оруулсан сонгууль болно гэдэгт итгэж байгаагаа дахин илэрхийлье" гэж мэдэгдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )