Нийслэлийн Баянзүрх дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн 41-р хэсгийн санал авах байранд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 09:00 цагт хүрэлцэн ирж саналаа өглөө. Тэрбээр “Сонгогч ард түмэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. Төрийг сонгож байгуулна гэдэг тийм амар зүйл биш. Ард иргэдийн өөрсдийнх нь улс төрийн том үйл ажиллагаа байх юм. Сонгуулийн компанит ажлыг зөв сайн явуулж дуусгалаа. Ард түмэн ингээд өөрсдийн сонголтоо хийнэ. Гэхдээ анхаарах зүйл бий. Манай ард түмэн төрийн түшээг сонгож, төрийг байгуулалцахад идэвхтэй оролцох нь чухал. Төрийн үйл ажиллагаанд оролцохдоо нийтээрээ зөв сайхан, хууль зүйн хүрээнд оролцох хэрэгтэй. Түрүү түрүүчийн сонгуулийн үеэр дутагдал гарсан нь үнэн. Хүн болгон өнөөдрийн энэ боломжийг ашиглахын тулд ажлаа сайн зохицуулах хэрэгтэй. Сонгуулийн хуульд маш тодорхой зүйлчилж өгсөн байгаа. Хугацааны хувьд орой 20.00 цагаас өмнө амжиж өгөх нь зүйтэй юм. Оройтож очвол Сонгуулийн хуулийн дагуу хугацаа дуусч хэсгийн хороодын ажиллагаа зогсоход хүрнэ. Ер нь оройтлоо гэхэд 19.00 цагаас өмнө санал өгөх байрандаа манай иргэд очсон нь зүйтэй байх. Эцэст нь хэлэхэд манай ард түмэн энэ төрийг сонгох ажилд хамгийн идэвхтэй, хариуцлагатай оролцоно гэдэг би бат итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн юм.
Сонгуулийн 41 дүгээр хэсгийн санал авах байранд 2138 сонгогч саналаа өгөхөөс 09:00 цагийн байдлаар 162 сонгогч саналаа өгсөн байна. Өчигдөр буюу 27-ны өдөр 10 иргэний саналыг зөөврийн битүүмжилсэн байдлаар авсан байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )