Иргэн таны сонголт мэргэн байх болтугай

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28




 Өнөөдөр ард түмэн үндсэн хуульд заасны дагуу  сонгох, сонгогдох эрхээ эдлэх  өдөр. Энэ жилийн хувьд УИХ-ын сонгууль НИТХ-ын сонгуультай хамт явагдаж  нэг саналын хуудсаар санал авч байгаа төдийгүй мажоритар, пропорциональ систем хосолсон хувилбараар явуулж байгаа. Сонгогч та сонгуулийн саналын хуудасны нэр дэвшигчид болон  нам, эвслээс сонголт хийн нэрийн өмнөх дугуй дүрсийг будахаар болсон. Монгол Улсын хэмжээнд сонгуулийн 26 тойргийн хороо, 333 салбар хороо, 1908  хэсгийн хороонд 15 мянга гаруй хүн ажиллаж сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулна. Тойргийн хороодод 278, салбар хороодод 2149, хэсгийн хороодод 13122, нийт 15549 төрийн албан хаагч сонгогчдын саналыг авах нэн хариуцлагатай ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байна. Мэдээлэл технологийн 26 багт 130 хүн, хэсгийн хорооны даамлаар 2625 хүн ажиллаж байгаа бөгөөд сонгуулийн санал хураалт  өглөөний 07.00 цагаас үдшийн 20.00 цаг хүртэл явагдана. Санал хураалтын автомат машинууд орой 20 цаг гэхэд сүлжээнээс салгагдсан байх ажээ.  Ирэх дөрвөн жилд ямар төр засагтай байхаа шийдэх хариуцлагатай өдөр гэдгийг санаж иргэн та  сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Zindaa.mn сайт сонгуулийн шуурхай мэдээг цаг тутам шууд хүргэж байна.

Таны сонголт мэргэн байх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top