1. Сонгогч бүртгэлийн ажилтанд иргэний үнэмлэхээ өгч хурууны хээгээ төхөөрөмжид шалгуулан "Бүртгэлийн хуудас" авна. 2. Хэсгийн хорооны ажилтанд "Бүртгэлийн хуудас"-аа өгч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авна. 3. Санал бэлтгэх бүхээг болон саналын хуудсан дахь зааварт заасны дагуу саналаа тэмдэглэнэ. 4. Саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийнэ. Саналын хуудсаа аль ч талаар нь хийсэн төхөөрөмж унших болно.
- Та Булган, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн 1 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.
- Та Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг, Хан-Уул – Багануур - Багахангай, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн 2 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыг хүссэн 2 нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.
- Та Баянзүрх-Налайх, Сонгинохайрхан дүүргийн 3 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыг хүссэн 3 нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.
- Өөрийн сонгохыг хүссэн 1 нам, эвслийн өмнөх дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.
- Саналын хуудсан дахь санал тэмдэглэх зааварт зааснаас өөр тэмдэглэл хийвэл саналын хуудас хүчингүй болно гэдгийг анхаарна уу.
- Саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийхдээ аль ч талаар нь хийж болох ба төхөөрөмжийн дэлгэцэнд "Саналын хуудас уншихад бэлэн" гэсэн мэдээлэл гарсны дараа саналын хуудсаа автоматаар татаж авна.
Харин тойрогт ногдсон мандатын тооноос илүү тэмдэглэл хийвэл, мөн нэгээс илүү нам эвслийн төлөө тэмдэглэл хийж санал өгвөл Таны санал хүчингүйд тооцогдоно.
СОНГОГЧИД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ХОРИГЛОНО
- Зааварт зааснаас өөр тэмдэглэгээ хийх;
- Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй байж санал өгөх, эсхүл хуурамч болон өөр хүний бичиг баримт ашиглан санал өгөх, өгөхийг оролдох, хуурч мэхлэх;
- Санал авах байранд гаднаас өөр саналын хуудас авч орох, авч гарах;
- Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх;
- Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа бусдад харуулах;
- Аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байх амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах;
- Саналын хуудсаа нугалах, гэмтээх, норгох;
Сонгууль- 2012
УИХ-ын ээлжит сонгууль ирэх долоо хоногийн пүрэв гариг буюу энэ сарын 28-нд болно. Та энэ өдрийн өглөөний 07.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд саналаа өгөх ёстой. Та өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгдөг журамтай. Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг / эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг бүртгэдэг. Ийнхүү бүртгэхдээ сонгогчийг зөвхөн сонгуулийн нэг хэсэгт сонгогчдын нэг нэрийн жагсаалтад бүртгэдэг. Иймд сонгогч таны оршин суугаа хаяг сонгуулийн аль хэсгийн хороонд харьяалагдаж буйг мэдэх шаардлагатай. Сонгуулийн хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлэх учиртай.
ХЭН САНАЛАА УРЬДЧИЛАН ӨГӨХ ВЭ?
Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын төвшнөөс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог.Харин дээр дурьдсан итгэмжлэгдсэн хүн нь:
- Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан
- Нэр дэвшигчийн шадар туслагч
- Нэр дэвшигчийн ухуулагч
- Сонгуулийн хорооны дарга
- Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга
- Сонгуулийн хорооны гишүүн
- Ажиглагч байхыг хуулиар хориглодог.
Санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр авна.
- Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;
- Нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
- Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
- Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон.
Сонгогч дээрх хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд хэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргана. Ийнхүү зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтад орсон сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн оршин суугаа газрынх нь хаягаар очиж авдаг. Уг сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно. Дээр дурьдсанаас бусад тохиолдолд Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн гаргах журамтай. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
САНАЛАА ХЭРХЭН ТЭМДЭГЛЭХ ВЭ?
Сонгогч бүр саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудаст саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог. Нам, эвсэл УИХ-ын сонгуульд 76-аас илүүгүй хүнийг тухайн нам, эвслийн гаргасан дарааллын дагуу нэрийн нэг жагсаалтаар нэр дэвшүүлэх бөгөөд уг нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг нам, эвслийн гаргасан жагсаалтаас тус тус сонгоно. Өөрөөр хэлбэл, саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болон нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсэг бүхий хуудас байна. Сонгогч нь саналын хуудасны тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ. Сонгогч нь саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсвэл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ. Сонгогч дээр дурьдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийнэ. Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудаст буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, дээр дурьдсаны дагуу саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.
САНАЛЫН ХУУДСАА БУСДАД ХАРУУЛАХЫГ ХОРИГЛОНО
УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх заалт юм. Тухайлбал, сонгогчид дараах үйлдэл хийхийг хуулиар хориглосон байна. Үүнд:
- Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэх;
- Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсвэл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
- Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
- Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулах;
- Аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.
Дээр дурьдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилжээ. Хэрэв сонгуулийг санаатай будилуулбал гурван cap баривчлах, 5-10 жил хорих заалт Эрүүгийн хуульд байгааг санаарай. Хуулийн ийм чанга заалттай тул та өөрийн харьяа хэсгийн хороондоо нэг удаа санал өгч, хууль журмын дагуу сонгуульд оролцоорой. Хэрэв сонгуулиар ямар нэгэн алдаа гаргах, бусдын заавар, зөвлөгөөгөөр санал өгөх, хуулиар хориглосон зүйл хийвэл эрүүгийн ялтан болж магадгүйг холбогдох байгууллагууд анхааруулсаар байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )