Сонгуулийн урьдчилсан дүнг Zindaa.mn сайт өнөө орой 20 цагаас эхлэн шуурхай мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28

 Энэ жилийн УИХ-ын болон НИТХ-ын сонгууль өнөөдөр 07 цагаас үдэш 20 цаг хүртэл явагдана.  Энэ удаагийн сонгуульд 11 нам 2 эвсэл болон бие даагч нийлсэн  544 хүн  УИХ-д, 345 хүн НИТХ-д  гишүүнээр ажиллахаар  өрсөлдөж байгаа.  Энэ жилийн сонгууль  мажоритар болон пропорциональ тогтолцоо бүхий холимог  тогтолцоогоор явагдана.  Тодруулбал Монгол Улсын нутаг дэвсгэрийг 26 тойрог болгосон.   Мажоритар тогтолцоогоор 26 тойргоос 48 хүн Улсын Их Хуралд сонгогдох юм. Аймгуудад байгуулагдсан 20 тойрогт 34 мандат ногдоно. Өөрөөр хэлбэл, 34 хүн сонгогдох юм. Харин нийслэлд байгуулагдсан 6 тойргоос 14 хүн сонгогдоно. Тойргуудаас сонгогдсон 48 хүнийг тойргийн хороо сонгогдсонд тооцож шийдвэр гаргана. Гэхдээ тухайн тойргийнхоо сонгогчдийн 28 буюу түүнээс дээш хувийн санал авсан байхаар босго тогтоосон. Харин  Пропорциональ буюу хувь тэнцүүлэх тогтолцоогоор үлдсэн 28 гишүүнийг сонгуульд оролцогч нам, эвслийн нэрийн жагсаалтаас сонгох юм. Нам, эвслүүд 28 хүртэл хүнээ жагсаалтанд бичиж сонгогчдод танилцуулна. Сонгогч нам, эвслийн мөрийн хөтөлбөртэй нь танилцан саналаа өгөхдөө хэрвээ би энэ намд, эсхүл эвсэлд саналаа өгвөл жагсаалтын эхнээс эдгээр хүмүүс сонгогдох юм байна гэсэн итгэл үнэмшлээр сонгох юм. Харин нам, эвсэлд өгсөн саналыг Сонгуулийн ерөнхий хороо улсын хэмжээнд нэгтгэн дүгнэж, авсан саналынх нь хувиар дараалалд оруулна. 5 буюу түүнээс дээш хувийн босгыг давсан нам, эвсэлд энэхүү босгыг даваагүй нам, эвслийн авсан нийт саналын хувийг тэнцүү хуваан босго давсан нам, эвсэлд тэнцүү хуваан нэмж тооцно. Ингээд босго давсан нам, эвсэлд өгсөн саналд нь харгалзах суудлыг хуваарилан 28 гишгүүнийг сонгох юм.
Өнөө орой 20 цагаас хойш Zindaa.mn сайт сонгуулийн урьдчилсан дүнг шуурхай мэдээлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top