Өнөөдөр ажиллах газруудын цагийн хуваарь

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28


Өнөөдөр орон даяар УИХ-ын болон НИТХ-ын сонгууль эхэллээ. Сонгуулийн энэ өдөр нийслэл хот болон хөдөө орон нутгийн төрийн болон төрийн бус бүх байгууллага иргэд, ажилтнуудаа сонгууль өгөхөд нь чөлөө гаргаж амралтын өдөр болгосон. Харин энэ өдөр нийтийн тээвэр болон цагдаагийн байгууллага, онцгой байдал, зарим хүнсний дэлгүүр, бусад үйлчилгээний газрууд богиносгосон цагаар ажиллах юм.

Нийтийн тээвэр 06.30-22.30 цаг хүртэл ажиллана
Нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдөр уртасгасан цагаар буюу 06.30-22.30 цаг хүртэл  ажиллана. Үндсэн  61 чиглэлд  том оврын  592 автобус, троллейбус  хот орчмын 13 чиглэлд 49, зуслангийн  гурван чиглэлд дөрвөн автобус, туслах  20 чиглэлд  205  бага оврын  автобус,  нийт  853  тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.

Цагдаагийн байгууллага бэлтгэл байдалд байна

Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу УИХ, орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаанд нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр албан үүргээ гүйцэтгэж байна. Сонгуулийн байрны аюулгүй байдлыг хамгаалах ажлыг энэ сарын 22-ноос хамгаалалтад авсан юм.  Харин өнөөдөр хэв журам болон аюулгүй байдлыг хангах талаас бэлтгэл байдалд ажиллаж байна.

Өнөөдөр, маргааш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Сонгуультай холбогдуулан өнөөдөр, маргааш нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм.   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.4 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6, 12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн ийм шийдвэр гаргажээ.
 
Ус түгээх газрууд өнөөдөр ажиллахгүй
Гэр хорооллын айл өрхүүдийг ундны усаар хангаж байдаг гүний худаг болон зөөврийн худгууд өнөөдөр амраад маргааш цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, санал авах байрыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах тухай захирамж гарсантай холбогдуулан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-иуд ажиллаж байна.

Хүнсний дэлгүүрүүд 10.00 цагт нээгдэнэ

Орон даяар сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдөр нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ болохгүй бөгөөд томоохон зах, худалдааны төвүүд амарч байна. Харин хүнсний дэлгүүр, утасны үүрэн холбооны газрууд  10.00 цагаас үйлчилгээгээ эхлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top