Архангай аймагт хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28

 

 Дөнгөж сая МАХН-ын хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням болон МАХН-МҮАН-ын  “Шударга ёс” эвслийн сонгуулийн төв штабын ажлын албаны дарга Ч.Отгонбаатар нар  Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл  хийлээ.  Тэдний мэдэгдэж байгаагаар  Архангай аймагт сонгуулийн будлиан гарах магадлал маш өндөр байгаа гэнэ.  Тодруулбал тус аймгийн гурван суманд хурууны хээ таних машин ажиллаагүй,  Хотонт сумын гурван баг, Өндөр-Улаан сумын хоёр багт  тооллогын машин үдээс  өмнө ажиллаагүй байна.  Үүний улмаас тухайн хэсгийн хороод гар ажиллагаанд шилжсэн ажээ.  Мөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын санал авах машин 122 хүний саналыг  119 хүн санал өгсөн хэмээн  ташаа мэдээлэл харуулжээ.  Энэ төрлийн алдаа  нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн зарим  хэсгийн хороонд ажиглагдсан гэнэ.

Эдгээр хэргээс гадна Булган аймгийн нэг сонгогч үдээс өмнө хоёр, үдээс хойш хоёр саналын хуудас өгсөн нь үйлдэл дээрээ баригдсан байна.  Энэ талаар  тухайн хэсгийн хорооны ажиглагчид  холбогдох байгууллагад нь хандаад байгаа бөгөөд одоогоор хариу нь ирээгүй байна.

Бид энэ талаар болон сонгуультай холбоотой бусад будлианы талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top