Сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгаа нийгмийн нэг хэсэг бол гудамжны гэгдэх орон гэргүй хүмүүс. Тэдний хувьд сонгох эрхээ эдлэхийг хүсдэг ч боломж, бололцоо тааруу байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд орон гэргүй хүмүүсийн төлөөлөл болгож таван хүнээс тодруулга авснаа хүргэе.
Б.Ганбат: Талбай орж сонгуулийн сураг дуулна
- Таньд иргэний үнэмлэх байгаа юу?
- Байгаа. Ханын материалын амьдрах ухаан төв гэж байдаг ш дээ. Ахынх нь бичиг баримт бүгд тэнд байгаа.
- Иргэний үнэмлэхээ аваад сонгуулиа өгөх үү?
- Тэгмээр л байна. Даанч бие өвдөөд, автобусны мөнгө байдаггүй . Ах нь гэр оронгүй ээ.
- Сонгууль ямар болох бол?
- Будлиантай сонгууль болох байх. Ах нь талбай орж сураг дуулна. Аль нам гарах юм бол сонирхоод л байна. Ахынх нь бодлоор Ардчилсан нам гарчих байх.
- Та эх орны хишгээ авсан уу?
- Ах нь ноднингийн 11 сард Мааньтын архины эмчилгээнээс гараад, халамжаас бичиг аваад гурван сард дөрвөн зуугаад мянга авсан. Сүүлийн хоёр сарынхаа мөнгийг тэгж байгаад авна.
- Шинээр байгуулагдах Засгийн газар үйл ажиллагааныхаа чиглэлд юуг анхаарч ажиллаасай гэж бодож байна вэ?
- Иргэн бүртээ тулж ажиллаасай. Хэн нь ч гарсан бай идэх нь тодорхой юм чинь над шиг ядарсан хүмүүсийн ажлын байранд анхаарвал баярлана. Уг нь манаач ч гэсэн хиймээр л санагдах юм. Одоо бид нарт чинь үзэмжээр нь хандаад байх юм байна ш дээ. /уйлав. сурв /
А.Болдбаатар: Намууд хувь тэнцүүхэн ширүүн өрсөлдөх биз
- Иргэний үнэмлэхтэй юу?
- Байхгүй.
- Тэгвэл энэ жил сонгууль өгөх боломжгүй байх нь ээ?
- Өнөөдөр гарч байна гэж Дарханаас хэлж байна лээ. Удахгүй авна.
- Энэ жилийн сонгууль ямар болох бол?
- Мэдэхгүй ээ. Намууд хувь тэнцүүхэн ширүүн өрсөлдөх биз. Өмнөх сонгууль шиг дайн дажин дэгдэхгүй байгаасай.
- Шинээр байгуулагдах Засгийн газар үйл ажиллагааныхаа чиглэлд юуг анхаарч ажиллаасай гэж бодож байна вэ?
- Эрүүгийн шинэ хууль батлагдсан ш дээ хэдэн жилийн өмнө. Тэр хууль арай хатуу юм шиг санагдсан. Би ер нь хүний ухамсарт хандаж хэлэхэд л хангалттай гэж боддог.
Р.Баярхүү Б.Батбаатар : Намуудын мөрийн хөтөлбөр бүгд ижилхэн
- Сайн байцгаана уу? Та хоёр иргэний үнэмлэхтэй юу?
- Б.Батбаатар Байна.
- Р.Баярхүү :Иргэний үнэмлэхний лавлагаа байгаа. Яг иргэний үнэмлэх бол байхгүй.
- Тэгвэл сонгууль өгөх нь ээ?
- Р.Баярхүү :Оролцолгүй яахав.
- Саналаа өгсөн үү?
- Р.Баярхүү :Өгөх гэсэн учраа олохгүй байна. Энүүгээр өгч болох болов уу? /Энэ оны гуравдугаар сард авсан иргэний үнэмлэхний лавлагааны бичиг үзүүлэв/
- Сонгууль шударга болох болов уу?
- Б.Батбаатар Мэдэхгүй ээ. Итгэхэд бэрх ш дээ. Дүнг нь л сонсох л бодол байна ш дээ.
- Р.Баярхүү :Шударга болоосой гэж хүсэж байна.
- Намуудын мөрийн хөтөлбөртэй танилцсан уу?
- Р.Баярхүү :Аль ч намыг дэмжихгүй. Манай аав МАХН-ын хүн. Бид нар тэр намаар л хүмүүжсэн улс. Би МАХН-д хайртай.
- Б.Батбаатар Ер нь намуудын мөрийн хөтөлбөрийг харахад бүгдээрээ л ижилхэн юм шиг санагдсан ш дээ.
- Эх орны хишгээс эхлээд халамж та бүхэнд хүрч чадаж байна уу?
- Б.Батбаатар Мэдэхгүй ээ. Та нарт л хүрч байгаа байх. Бид нарт бол хүрэхгүй байгаа. Хүрэх ч үгүй биз.
Р.Найдан: Будлиантай ч гэсэн нэг нь гарах л байх даа
- Та иргэний үнэмлэхтэй юу?
- Байгаа. Төв аймагт гэрт байгаа. Үнэмлэхгүй болохоор одоо тэгээд сонгууль өгч болохгүй болчихлоо ш дээ. Уг нь регистрийнхээ дугаарыг мэднэ. Гэхдээ регистрийн дугаараар санал өгүүлэхгүй байх л даа.
- Сонгуульд аль нам ялалт байгуулах бол?
- Одоо тэгээд будлиантай ч гэсэн нэг нь гарах л байх даа. Биднийгээ л харж үздэг байвал боллоо.
- Та халамжийн мөнгөө авсан уу?
- Бүгдийг нь авсан. Би чинь группт байдаг болохоор мөнгөө бөөнд нь аваад байдаг юм.
Гэр оронгүй иргэд ч гэсэн сонгох эрхээ эдлэхийг хүсэж байгаа нь илт байлаа. Үүгээр ч зогсохгүй тэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх бодолтой байгаагаа энэ үеэр хэлж байсан юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )