Сонгуулийн санал тоолох үйл ажиллагаа орон даяар явагдаж дууслаа. Энэ жилийн сонгуулиар АН, МАН-ын нэр дэвшигчид тойрогт олонх суудлыг авах ерөнхий төлөв нэгэнт ажиглагдаад эхэлсэн. Сонгуулийн талаар ИЗ-НН-ын дарга С.Оюунтай цөөн хором ярилцлаа.
- Энэ жилийн сонгуулийг юу гэж дүгнэж байна вэ? Энэ сонгууль хэр өрсөлдөөнтэй болсон гэж үзэж байна вэ?
- Манай нам үнэхээр тэнцвэргүй тулаанд орлоо. Сонгууль өөрөө харамсалтай нь асар их мөнгөний үүр болсон байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сарын турш бүх сурталчилгаа асар их мөнгөний өрсөлдөөнөөр явагдлаа. Өнгөрсөн есөн сарын турш эерэг ч бай, сөрөг ч бай бүх мэдээлэл дандаа төлбөртэй, захиалгатай тэр нь асар үнэтэй болсон. Тиймээс мөнгөтэй хоёр нам, мөнгөтэй нэр дэвшигч нар сурталчилгааны талбарыг тэр чигээр нь давамгайлсан. Миний сүүлийн хоёр жил яриад байсан хэт их мөнгөн дээр тогтсон сонгууль болж өнгөрлөө. Мөнгөгүй гэхдээ чадалтай хүмүүс хэзээ ч амжилт гаргахааргүй тийм өрсөлдөөн бий болоод байна.
-Тэгэхээр та энэ сонгуулийг шударга бус болсон гэж үзэж байна уу?
-Мөнгөн дүнгээр нь харьцуулбал маш шударга бус сонгууль болж байгаа юм. Цаашдаа бид Монгол улсад ардчилсан шударга сонгууль явуулъя гэвэл сонгуулийн энэ айхтар мөнгөний бодлогыг ямар нэгэн байдлаар заавал бууруулах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг улс төрчид эзэмшиж өмчилсөн байна. Түүгээрээ дамжуулж өөрийнхөө сурталчилгааг явуулж, ард иргэдийн тархийг угааж чадлаа. Хамгийн их мөнгөтэй баян хүмүүс нь сонгуульд ялдаг, удирдах эрхийг гартаа авдаг болж дээ.
-Танай нам энэ жилийн сонгуульд хэр сайн оролцсон бэ?
-Манай намын хувьд ямар ч байсан энэ сонгуульд маш амжилттай оролцсон. Бид нар чадах бүх зүйлээ хийж өөрсдийнхөө хөтөлбөрийг танилцуулсан. Хэдийгээр энэ тэнцвэргүй өрсөлдөөн байсан ч манай нэр дэвшигчид бүхий л чадлаараа өөрсдийн дэвшсэн тойрогтоо маш сайн ажилласан. Үүнд намын даргын хувьд би урамтай байгаа. Цаашдаа Монгол улс ардчилсан хууль ёсны дагуу шударга сонгууль явуулъя гэвэл энэ муухай мөнгөний бодлогыг халах хэрэгтэй.
-Өглөөний байдлаар сонгуулийн тухай хуулийг зөрчсөн зөрчлүүд нэлээн их гарсан?
-Будлиан луйврууд олон байна. Бид сая бүх хэсгүүдийн санал тооллогыг дахин гараар хянан тоолъё гэсэн шаардлагыг СЕХ-нд хүргүүлсэн. Ингэж дахин тоолох нь машинаар тоолсоноо баталгаажуулж байгаа учраас ямар нэгэн будлиан гарахгүй. Гараар тоолох үйл ажиллагаа нь нэг хоногийн л ажил. Дахин гараар тоолж баталгаажуулж байж сонгуулийг шударга болсон гэж үзэх болно. Зарим газрууд саналын хуудсын мэдээллээ өгөхгүй байна. Бас хяналтын тооллогын дүн машины тооллогын дүнтэй зөрж байна гэж манай зарим ажиглагч нар мэдээлсэн. Мөн зарим ажиглагч нарыг тооллогон дээр оруулахгүй байгаа гэх мэт олон маргаантай, эргэлзээтэй асуудал байна. Үүнийг зохицуулахын тулд дахин тооллого хийх шаардлагатай байгаа юм.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )