Улс төрийн намууд ЯЛЖ, ЯЛАГДАЖ сурмаар байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн урьдчилсан дүнг тойргийн хороодоос ирж байгаа  мэдээллээр олон нийтэд түгээж  байгаа бөгөөд одоогийн байдлаар Нийслэлийн тойргуудад АН-ын нэр дэвшигчид илт давуу, харин хөдөө орон нутагт МАН-ын нэр дэвшигчид арай илүү давамгайлж  байгаа нь  харагдаж байна.

Гэхдээ зарим тойргууд дээр ялагчдын нэрс цаг тутамд өөрчлөгдөн хэлбэлзэж байгаагаас харахад СЕХ-ноос албан ёсны мэдээлэл хийх хүртэл ялагчдын нэрс баталгаатай бус нь ажиглагдаж байна.

Мөн зарим хэсгүүд дээр будлиан үүсэн сонгогчдын саналыг ахин гараар тоолох талаар яригдаж эхэлсэн нь хүмүүсийн дунд маргаантай байдал үүсгээд байна. Хэрэв өмнөх сонгуулиуд шиг ахин гараар тоолох байсан юм бол яах гэж энэхүү үнэтэй тоологч машиныг оруулж ирсэн юм бэ хэмээн эгдүүцэх хүмүүс олон байна. Тэгээд ч гараар тоолох явцад луйвар, булхай орох боломжтой гэсэн хардлага сэрдлэг тэдэнд төрөөд байгаа бололтой.

Уг нь хар ухаанаар бодоход тоологч машины дүнг авч бүгдийг нь нийлүүлж нэмээд ядах юмгүй хурдан эцсийн дүн мэдээ гарчихмаар юм шиг. Өнөө өглөө 8 цагт хийх байсан СЕХ-ны албан ёсны мэдээлэл яагаад хойшлоод удаад байгаа нь иргэдэд гайхаш төрүүлж байгаа бололтой.  

Шинэчилсэн сонгуулийн хуулиа бүгд мөрдөцгөөн, амьдралын бүхий л салбарт автомат технологи нэвтэрч байгаа орчин үед ахин гар ажиллагаа руугаа ухарч, элдэв үймээн самуун үүсгэмээргүй байна хэмээн олонхи сонгогчид үзэж байна.

Юутай ч аль ч нам эвслийн хувьд ухаалгаар асуудалд хандан, ард түмнээ хөлдөө чирэхгүйгээр,  улс төрийн соёлтойгоор ЯЛЖ, ЯЛАГДАЖ  сурмаар байнаа!

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top