Ч.Ганхуяг: Сонгууль гэдэг жинхэнэ утгаараа луйвар болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Ч.Ганхуяг, Ц.Цогзолмаа нар сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ц.Цогзолмаа: Өнөөдөр эцсийн дүн хараахан гараагүй байхад өөрсдийгөө ялсан мэтээр зарлаад байгаа улс төрийн өрсөлдөгч хүчнийхэндээ хандаж хэдэн тайлбарыг хийе. Сонгууль эхлэхээс өмнө нэр дэвшигчдийн рейтинг ямар байсан дүн тийм гарах ёстой. Энэ удаагийн сонгуулийн саналын дүн шударга бус гарлаа. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн хоёр хороон дээр хяналтын тооллого хийхэд 500 гаруй саналын тоогоор зөрөөд байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ автомат машины ард луйвар явагдсан нь тодорхой юм. Ард түмний саналыг ингэж автомат машинаар битгий луйвардаач ээ. Дахин тооллого хийж байгаа бол саналыг гараар тоолж өгөхийг мэдэгдсэн юм.

Ч.Ганхуяг: “Би дөнгөж сая “Луйврын хот” киног ойлголоо. Үнэхээр сонгууль гэдэг жинхэнэ утгаараа луйвар болжээ. Манай тойрог дээр санал авах байрны бичлэг гурван цаг тасарсан. Саналын хуудас хүчингүй байвал нөгөө машин уншихгүй байна гэсэн яриа бол үнэндээ худлаа болж байна. Яагаад гэхлээр иргэдийн буруу тэмдэглэсэн саналын хуудсыг машин уншсан байгаа юм. Одоо гараар тоолоод үнэхээр ялагдсан маань батлагдвал бид шударгаар амжилт хүсээд ялагдлаа хүлээнэ” гэв.

Ийнхүү тэд санал тоолох машиныг “но-той” хэмээн хардаж байгаагаа илэрхийлсэн юм. МАН-аас нийслэлд нэр дэвшсэн ихэнх тойргууд дээр ийм асуудлууд илэрсэн учраас зургаан дүүргийн нэр дэвшигчид СЕХ-нд гомдол гаргана хэмээн мэдэгдлээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top