Гурван мандаттай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт сонгуулийн хуулийн дагуу дахин санал хураалт явуулах нь нэгэнт тодорхой боллоо. Сонгинохайрхан дүүргээс МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Д.Сумъяабазар саналын тоогоор 3-р байр, АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Л.Эрхэмбаяр 4-р байр эзэлсэн байна. Гэвч хоёр нэр дэвшигчийн авсан санал сонгуулийн хуулийн 48.4-т “Тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрээгүй бол үлдсэн мандатад дахин санал хураалт явуулна” гэж заасан босгыг даваагүй байна. Яг үүнтэй адилаар Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг сонгуульд илүү санал авч гуравдугаарт бичигдсэн ч саналын тоо нь санал өгсөн нийт сонгогчдын 28-д хүрээгүй тул АН-аас нэр дэвшигч Д.Арвинтай дахин санал хураалтанд оролцох болж байна. Гэхдээ энэхүү хоёр тойргоос нэг сонирхолтой зүй тогтол ажиглагдаж байгаа. Сонгуулийн хуулийн хүрээнд явуулсан бүх судалгаагаар Сонгинохайрхан дүүрэгт Д.Сумъяабазар, Д.Тэрбишдагва гэсэн хоёр нэр, Баянзүрх дүүрэгт Б.Батзориг, Ж.Батзандан гэсэн хоёр нэрийг сонгогчид дугуйлж байжээ. Товчхондоо Д.Сумъяабазар, Б.Батзориг нар тухайн тойргийнхоо хамгийн өндөр рейтингтэй улс төрчөөр тодроод байв. АН, МАХН болон бусад намууд ч энэхүү хоёр нэр дэвшигч дээр ихээхэн анхаарал хандуулаад байсан. Санал хураалтын өдөр ажиглагчдын хэлж байгаагаар өдрийн 2 цаг хүртэл бусдаасаа хол тасархай явсан Д.Сумъяабазарын нэр үдээс хойш унаж эхэлсэн байна. Сонгуулийн дүн гарахад түүний өөрийн сонгогдож ажилласан Толгойтын хэсгийн хороод дээр Д.Сумъяабазар санал хураалтаар 7, 8 дээр гарч ирсэн байна. Д.Сумъяабазар нь НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш өөрийн хороод дээр УИХ-ын гишүүдээсээ ч илүү их ажлыг хийж амжуулсан байжээ. Харин эдгээр хэсгүүд дээр санал өгсөн сонгогчдын дийлэнх нь АН-аас нэр дэвшигчдийг гурвууланг нь дугуйлж, өөр ямар ч сонголт хийгээгүй байна. Тодорхой эх сурвалжийн ярьж байгаагаар Ардчилсан намаас нэр дэвшигчид сонгогчдыг микро автобусаар зөөж, мөнгө тараасан сурагтай. Энэ байдал Баянзүрх дүүрэгт Д.Ганхуяг, И.Нарантуяа нар дээр ч илэрсэн гэх мэдээлэл таржээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 40, 41-р хэсэг дээр автомат машинаар санал тоолоход дөрвөн саналаар ялагдсан нэр дэвшигч, дахин гараар тоолж үзэхэд 120 саналаар ялсан баримт илэрчээ.
Дахин санал хураалт нь дахин сонгууль явуулах, нөхөн сонгууль явуулах зэрэг ойлголтуудаас огт өөр юм. Дахин санал хураалт явуулах өдрийн товыг Сонгуулийн ерөнхий хорооноос зарлана. Үүний дараа хамгийн их санал авсан боловч 28%-ийн саналын босго даваагүй хоёр нэр дэвшигч дээр ямар нэгэн сурталчилгаагүйгээр дахин санал хураалт явуулах хуулийн заалттай ажээ.
Д.Билгүүн
Сэтгэгдэл ( 0 )