УИХ-ын 2012 оны сонгуульд 26 тойрогт ялалт байгуулсан нэр дэвшигчдийн нэрс тодроод байна. Ялалт байгуулсан нэр дэвшигчдийн нэрс, товч танилцуулгыг сонирхуулъя.
1-Р ТОЙРОГ АРХАНГАЙ АЙМАГ: /Мандатын тоо 2/
Нямжавын Батбаяр нь 2004, 2008 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Москвагийн эдийн засаг статистикийн дээд сургуулийг төгссөн. “Комплекс импорт” хангамжийн нэгдэлд ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Аж ахуйн ажлын туршлага дээрээ суурилан олон компани нийлсэн “Фортуна” группийг байгуулсан нь өнөөдөр түүний овог болтлоо нэрлэгдэх болжээ. 1992 онд Монголын Үндэсний Дэвшилт Намаас Ардын Их Хуралд сонгогдож, АИХ-ын орлогч даргаар ажиллаж байсан тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 55.47 хувийн санал авсан билээ. Энэ удаагийн сонгуульд тэрээр Архангай аймагт АН-аас нэр дэвшин өрсөлдөж УИХ-ын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдоод байна.
Баярбаатарын Болор. Нас залуу ч ч улс төрийн нэлээдгүй туршлагатай нэгэн. Тэрээр 30 настайдаа Гадаад харилцааны дэд сайдаар томилогдож байсан гэдэг. Англид хоригдоод бараг жил гаруй болсон Б.Хурцыг суллахад түүнийг ихээхэн үүрэгтэй ажилласан гэж үздэг юм билээ. Б.Болор сайдын өвөө Сэд-Очир Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орлогч сайд, Ой модны аж үйлдвэрийн яамны орлогчоор ажиллаж байсан нэгэн. Харин аав С.Баярбаатар нь Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан. Гурван үеэрээ Монгол төрийн сайдын ажлуудыг хийж явсан түүхтэй юм байна. тэгвэл одоо энэ түүхийн хуудсанд нэгэн шинэ хуудас нэмэгдэж байна.
2-Р ТОЙРОГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ: /мандатын тоо 2/
Халидолдайн Жекей - Хилийн цэргийн салааны захирагчаас бригадын генерал хүртлээ өссөн цэргийн хүн. Тэрбээр 1983 оноос хилийн 0130 дугаар ангид салааны захирагчаас ажлын гараагаа эхэлж, 2008 онд Хилийн цэргийн ерөнхий газрын дэд даргын алба хашиж байлаа. Тэрбээр энэ хугацаанд АНУ, ХБНГУ-д улс төр судлал, ОХУ-ын Хилийн албаны академид хил хамгаалалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсний зэрэгцээ 2004 онд цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Мөн 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад 2008 оны сонгуулиар Баян-Өлгий аймгийн сонгуулийн хоёрдугаар тойргоос дахин сонгогдож, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. УИХ дахь Монгол-Какахстаны парламентын бүлгийн даргаар ажилладаг.
Агипарын БАКЕЙ - 1959 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн . 1991 он Монгол Улсын Их Сургуульд Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1984 он Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйд дагалдан эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж байсан. 2006-2007 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Энэ удаагийн сонгуульд АН-аас дахин төрөлх нутагтаа нэр дэвшин ялалт байгуулжээ.
3-Р ТОЙРОГ БАЯНХОНГОР АЙМАГ: /мандатын тоо 2/battulga.jpg
Халтмаагийн Баттулга - 2004, 2008 оны сонгуульд АН-аас УИХ-д нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулан сонгогдож байсан . Дүрслэх урлагийн дунд мэргэжилтэй ч парламентад дээд боловсролтой, цагаан гартай хүмүүсээс илүү ажил амьдралаа мэддэг, ойлгодог хүн чухал гэдгийг парламентад суух хугацаандаа олон нийтэд мэдүүлсэн. Тэрбээр Монгол улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга тамирчин. Монголын нэртэй бөх төдийгүй сайн бизнесмен. Олон үг дуугараад байдаггүй хирнээ үе үе оновчтой , жинтэй санал гаргаж,тэр нь дэмжигдэх магадлал өндөр байдаг талаар намын нөхөд нь үнэлдэг. Тулхтай, зангарагтай, туршлагатай улс төрч түүнийг Баянхонгорчууд өөрсдийгөө төлөөлүүлэхээр дахин УИХ-д илгээжээ.
Дашдондогийн Ганбат 1962 онд Баянхонгор аймагт төрсөн. 1979 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн. 1979-1982 онд цэргийн алба хаагаад 1984-1989 онд ЗХУ-ын Киев хотод цэргийн инженерийн сургуулийг инженер, механикчаар, 2000 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр тус тус төгсжээ. 1992 оноос ажлын гараагаа эхэлж, Монгол, Оросын хамтарсан “Баянбулаг” компанид дэд захирлаар 1996 он хүртэл ажиллаад, 2004 оноос “Техник Импорт” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ажээ. Тэрээр анх удаа Баянхонгорчуудыг төлөөлөн ирэх 4 жилд ажиллах УИХ-ын гишүүн болохоор болжээ.
4-Р ТОЙРОГ БУЛГАН АЙМАГ: /мандатын тоо 1/
Ёндонгийн Отгонбаяр. МАН-ын залуу кадруудын нэг тэрээр энэ удаа Булган аймгийн нэг мандатыг өвөртөлжээ. Москвагийн ОУ-ын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн. Өнгөрсөн 4 жилд БСШУ-ны сайдаар хэл ам багатай ажилласан. Кембрижийн Их сургуулийн стандартыг монголын боловсролд нэвтрүүлэх том зорилго тавьж ажиллаж байгаа нэгэн. Булганчууд түүнийг ирэх 4 жилд өөрсдийнхөө төлөөлөл болгон УИХ-д илгээжээ.
5-Р ТОЙРОГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ: /мандатын тоо 1/
Цэдэвийн Дашдорж - Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул, УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа ЗТБХБ-ын сайдаар 4 сар хүрэхгүй хугацаанд ажилласан. 1985 онд 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг өрөмдлөгийн технологич инженер мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа 1990 он эхэлж, “Газрын тос” ХХК-д өрөмдлөгийн инженер, “Их тэмүүлэл” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байв. Улмаар 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын алба хашиж байгаад 2008 онд Говь-Алтай аймгаас Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. УИХ дахь Монгол-Европын парламентын парламентын бүлгийн дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд даргаар ажилладаг. 2012 ны 3 сараас хойш ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байгаа.Говь-Алтайчууд Ц.Дашдоржид дахин итгэл үзүүлж УИХ-ын гишүүнээрээ сонгожээ.
6-Р ТОЙРОГ ГОВЬСҮМБЭР, ДОРНОГОВЬ АЙМАГ: /мандатын тоо 1/
Жамъянсүрэнгийн Батсуурь - 1960 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн. 1978 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын 10 жилийн сургууль, 1983 онд БНЧУ-ын /хуучнаар/ Братислава хотын Техникийн их сургууль Барилгын инженер- эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 2000 онд Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдож улс төрийн ажлын гараагаа эхэлжээ. , 2000-2008 онд Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2008 онд МАХН-аас /МАН/ аймагтаа нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон бол энэ удаа дахин Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэдийг төлөөлж дахин 4 жил УИХ-д суух болж байгаа ажээ.
7-Р ТОЙРОГ ДОРНОД АЙМАГ: /мандатын тоо 2/
Нямтайширын Номтойбаяр - Аав Нямтайшир нь Монголын томоохон компаниудын нэг МАК группыг үүсгэн байгуулагч. Сайн эцгийн буянд гадаадад сурч боловсрол эзэмшжээ. Эцгийнхээ нүүрийг олон удаа халууцуулж байсан бол одоо баярлуулах болжээ. Ажлын туршлага, дадлагатай багатай ч МАН-ын залуу кадрын нэгээр зүй ёсоор тооцогддог. НХХ-ийн дэд сайдын ажил эрхэлж байсан бол одоо тэрээр Дорнодчуудын төлөөлөн ирэх 4 жилд УИХ-д суух болж байгаа юм байна.
Хаянгаагийн Болорчулуун - Дорнод аймагт 1964 онд төрж өссөн, Дорнод аймгийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүн, “Дорнод гурил” ХХК-ийн захирал, ХААИС-ийг агрономич мэргэжлээр, ОХУ-ын Эрхүү хотын ХАА-н институтийг хөдөө аж ахуйн эдийн засагчаар өдөө аж ахуХАА-н институтад төгссөн. Дорнод аймагт бие даан нэр дэвшин ялалт байгуулж, Дорнодын 2 мандатын нэгийг өвөртөлж, ирэх 4 жилд Дорнодын иргэдийг төрд төлөөлөх төрийн түшээгээр ажиллахаар болж байгаа ажээ.
8-Р ТОЙРОГ ДУНДГОВЬ АЙМАГ: /мандатын тоо 1/
Батсүхийн Наранхүү - 1972 онд Дундговь аймагт төрсөн. 1989 он МУИС-ийн дэргэдэх Математик физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангийг төгссөн. 1999 оноос хувийн хэвшлийн “Мон-Уран” ХХК-ийг байгуулж ажилласан. 2008 оноос “Дүнжингарав” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2012 оноос “Дүнжингарав” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Монголын толгой бизнесменүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. АН-д гэнэт элсэн, богино хугацаанд нэрээ УИХ-д дэвшүүлэхэд нь олон хүн гайхаж байсан ч тэрээр Дундговьчуудын төлөөлөл болон УИХ-д сонгогдож чаджээ.
9-Р ТОЙРОГ ЗАВХАН АЙМАГ: /мандатын тоо 2/
Ядамсүрэнгийн Санжмятав: УИХ-ын 2012 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч. 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан. Одоо Завхан аймгийн засаг даргын албыг хашиж байна.
Дуламсүрэнгийн Оюунхорол: УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. УИХ-ын гишүүн. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хороог тэргүүлэн ажиллаж байна.
10-Р ТОЙРОГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ: /мандатын тоо 2/
Сономын Чинзориг: УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. 1986-2000 онд Өвөрхангай аймгийн захиргаанд мэргэжилтэн, хэлтсийн дарга, ИТХ-ын дарга. 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд. 2009 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна.
Намхайн Төмөрхүү: УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. “Өндөр Буянт” компанийн захирал, МАН-ын бага хурлын гишүүн.
11-Р ТОЙРОГ ӨМНӨГОВЬ АЙМАГ: /мандатын тоо 1/
Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ - УИХ-ын 2012 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч. 2004 онд Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдож байсан. “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч. Сайн муу олон зүйлээр хэлэгдэж байсан ч Өмнөговьчуудыг ирэх 4 жилд төлөөлөн УИХ-д суухаар болжээ.
12-Р ТОЙРОГ СҮХБААТАР АЙМАГ: /мандатын тоо 1/
Мөнхчулууны Зоригт - УИХ-ын 2012 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч. Иргэний зориг намын ерөнхий нарийн бичгийн дарга асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн, МОХ-ны анхны ерөнхийлөгч, 2004 онд Дорнод аймгаас сонгогдон УИХ-ын гишүүн болж байсан. “Бодь” группийн ерөнхийлөгч.
13-Р ТОЙРОГ СЭЛЭНГЭ АЙМАГ: /мандатын тоо 2/
Сангажавын Баярцогт: -УИХ-ын 2012 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч. Сангийн яамны сайд асан. Ардчилсан хувьсгалаас хойш тасралтгүй төрийн эрх барих дээд байгууллагад УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Жаргалтулгын Эрдэнэбат -УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. Сэлэнгэ аймгийн засаг дарга. Сэлэнгэ аймгийн МАСЗХ-ны дарга, МАН-ын бага хурлын гишүүн, Сэлэнгэ аймгийн МАН-ын дарга.
14-Р ТОЙРОГ ТӨВ АЙМАГ: /мандатын тоо 2/
Миеэгомын Энхболд -УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. Нийслэлийн засаг дарга асан. 2005 оны нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. 2006-2007 онд Ерөнхий сайд, 2008 оноос хойш өнөөг хүртэл Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайдын алба хашиж байна.
Сундуйн Батболд - УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. 2002 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2005-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга.
15-Р ТОЙРОГ УВС АЙМАГ: /мандатын тоо 2/
Чимэдийн Хүрэлбаатар - УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. 2000 оноос Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд, 2008 оноос УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.
Баттогтохын Чойжилсүрэн - УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. “Хурд Авто” компанийн захирал. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар 2008- 2008 онуудад ажиллаж байсан. УИХ-ын гишүүнээр 2008 онд сонгогдон ажилласан.
16-Р ТОЙРОГ ХОВД АЙМАГ: /мандатын тоо 2/
Догсомын Батцогт -“Шударга ёс эвсэл”-ээс УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигч. МҮАН-ын удирдах зөвлөлийн гишүүн. АНАТХ-ны тэргүүн. Ард түмний эрх ашгийн үүднээс эрх баригч улс төрийн намуудаас сонгуулиар амласан амлалтыг нь нэхэх хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, тэдний амласан амлалтыг нь иргэдэд өгүүлэх боломжийг бүрдүүлсэн. Шударга ёс бус явдал, эрх мэдэлтнүүдийн хуурамч амлалтын эсрэг тууштай тэмцэгч, Ховд нутгийн хүүд энэ удаа нутгийнхан нь итгэл үзүүлэн өөрсдийгөө 4 жил төлөөлөх УИХ-ын гишүүнээр сонгожээ.
Сандагийн Бямбацогт - УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. Ховд аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга,УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн. 2008 онд УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдон ажилласан. МАН-ын залуу гишүүдийн нэг юм.
17-Р ТОЙРОГ ХӨВСГӨЛ АЙМАГ: /мандатын тоо 2/
Лувсанцэрэнгийн Энх-Амгалан - УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. MSC группийн дэд ерөнхийлөгч. Дани Монголын хамтарсан хөдөөгийн сургууль хөгжүүлэх төслийн Монголын талын удирдах зөвлөлийн гишүүн, Цаатан нийгэмлэгийн гишүүн, Монголын Хоккейн Холбооны Тэргүүлэгч гишүүн, Монголын сүрьеэтэй тэмцэх үндэсний нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүнээр ажилладаг.
Лхагвагийн Мөнхбаатар - УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. УБЕГ-ын даргаар ажиллаж байсан. МЧБХ-ны УЗ-ийн гишүүнээр ажилладаг. МАН-ын залуу улс төрчдийн нэг юм.
18-Р ТОЙРОГ ХЭНТИЙ АЙМАГ: /мандатын тоо 2/
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ: УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. 2004, 2008 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилласан.
Н.Ганбямба: УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. УИХ-ын гишүүн, 2007-2008 онд ХХААХҮЯ-ны Дэд сайд хийж байсан. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод байна.
19-Р ТОЙРОГ ДАРХАН-УУЛ АЙМАГ: /мандатын тоо 2/
Сайнхүүгийн Ганбаатар - УИХ-ын 2012 оны сонгуульд бие даан нэр дэвшин өрсөлдсөн. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр 2008 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн, Иргэний нийгмийн хүчтэй манлайлагчдын нэг юм.
Дамдины Хаянхярваа - УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. Дархан-Уул аймгийн Засаг дарга асан, 2008 онд Дархан-Уул аймгаас сонгогдож УИХ-ын гишүүн болсон. 2012 оноос Сангийн сайдын албыг хашиж байна.
20 -Р ТОЙРОГ ОРХОН АЙМАГ: /мандатын тоо 2/
Отгонбилэгийн Содбилэг - МАН-ын Бага хурлын гишүүн. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаал хашдаг. “Питровис” компанийн ТУЗ-ийн дарга.
Логийн Цог - МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшин өрсөлдсөн. МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажилладаг. Тэрээр УИХ-ын гишүүн, Хуул зүйн дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрчийн нэг юм.
21-Р ТОЙРОГ ХАН-УУЛ, БАГАХАНГАЙ, БАГАНУУР ДҮҮРЭГ: /мандатын тоо 2/
Лувсанвандангийн Болд - АН-аас нэр дэвшин өрсөлдсөн. Лувсанвандангийн Болд нь 1990 оны анхны ардчилсан сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдон парламентад анх орж ирсэн. 1996 оны УИХ-ын сонгуульд “Ардчилсан холбоо эвслээс ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр, 2004 оноос одоог хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. 2008 оноос 2012 оны нэгдүгээр сар хүртэл Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байв. Монголын томоохон компани “Бодь” группийн үүсгэн байгуулагч юм.
Цэдэвдамын Оюунгэрэл - АН-аас нэр дэвшин өрсөлдсөн. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан манай шилдэг эмэгтэй улс төрчдийн нэг юм.
22-Р ТОЙРОГ БАЯНЗҮРХ, НАЛАЙХ ДҮҮРЭГ: /мандатын тоо 3/
Даваажавын Ганхуяг - 2001 оноос эхлэн АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж, улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Д.Ганхуяг нь парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцож ирсэн гишүүдийн нэг юм. УИХ-ын гишүүнээр 2004, 2008 онуудад хоёр удаа сонгогдон ажилласан туршлагатай парламентч юм. Эдийн засагч мэргэжилтэй, Бридж группийн үүсгэн байгуулагч.
Жалбасүрэнгийн Батзандан - Иргэний хөдөлгөөний тууштай тэмцэгчдийн нэг. Иргэний хөдөлгөөний тэмцэгчийн дүрээр түүнийг олон нийт мэддэг. АН-ын ҮЗХ-ны гишүүн. “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад сайн дураараа албан тушаалаа хүлээлгэн өгсөн. АН-ын хүчтэй залуучуудын нэг юм.
Батжаргалын Батзориг - УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. "Кекүшюзан" хөгжил сангийн гүйцэтгэх захирал асан, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга. МАН-ын бага хурлын гишүүн.
23-Р ТОЙРОГ СҮХБААТАР ДҮҮРЭГ: /мандатын тоо 2/
Лувсаннямын Гантөмөр УИХ-ын гишүүнээр 2004, 2008 онуудад сонгогдон ажиллаж байна. 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилласан бөгөөд одоо Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, Монгол-Итали, Монгол-Канад, Монгол-Кувейт, Монгол-Польш, Монгол-Сингапур, Монгол-Финлянд, Монгол-Хятад, Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн.
Рэнцэннямын Амаржаргал - УИХ-ын 2012 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч. УИХ-ын гишүүн.МУ-ын Ерөнхий сайд асан, сангийн сайд асан, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн.
24-Р ТОЙРОГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ: /мандатын тоо 2/
Гантөмөрийн Уянга - Сэтгүүлч, мэргэжилтэй, МАХН- МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвшигч, Амлалт нэхэх ард түмний холбооны хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, иргэний хөдөлгөөнүүдтэй хамтран авилга, хууль бус зүйлийн төлөө гудамжинд хатуу тэмцэл өрнүүлж байсан нэгэн. 2008 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт өрсөлдөөд өвдөг шороодож байсан ч энэ удаа тус дүүргийн Иргэдийг төлөөлж УИХ-д сонгогджээ.
Гарьдхүүгийн Баярсайхан - УИХ-ын гишүүнээр 2008 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаанд УИХ-ын Ес зүйн дэд хорооны гишүүнээр ажилласан. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон хууль батлуулсан, байгаль эклогийн чиглэлээр хамгийн сайн анхаарал хандуулдаг гишүүдийн нэг юм. АН-ын залуу улс төрчдийн нэг.
25-Р ТОЙРОГ БАЯНГОЛ ДҮҮРЭГ: /мандатын тоо 2/
Содномзундуйн Эрдэнэ - УИХ-ын гишүүнээр 2008-2012 онуудад ажиллаж байна. Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан хуучны улс төрч. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрыг шүүмжлэгчийн байр сууринаас хандаж ирсэн туршлагатай улс төрчийн нэг юм.
Салдангийн Одонтуяа - “Иргэн та баялаг” сангийн тэргүүнээр ажилладаг. Эдийн засгийн мэргэжилтэй. АЭХ-ны гишүүний сонгуульт ажилтай. 2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээж байсан ч, энэ удаагийн сонгуульд Баянголчууд түүнд итгэл хүлээгдээд байна.
26-Р ТОЙРОГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ: /мандатын тоо 3/
Ломбын Эрхэмбаяр: 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч. АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, СХД-ийн Ардчилсан Намын дарга.
Лувсангийн Эрдэнэчимэг: 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч. “Монос фарм трейд” ХХК-ийн Ерөнхий захирал, АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн.
Дэндэвийн Тэрбишдагва: МАХН, МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч. 2004 оноос УИХ-д сонгогдон ажиллаж байгаа. Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд асан, Монгол Улсаас ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан.
Ц.Мөнх, Т.Амур, Л.Тамир
Сэтгэгдэл ( 0 )