УИХ-ын сонгуулийн хоёр тойрогт нэр дэвшигчдийн авсан санал хуульд заасан 28 хувийн босго даваагүй тул дахин санал хураалт явуулахаар болоод байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бол дахин санал хураалт явуулах шийдвэрийг тойргийн хороо гаргана. Саналыг ямар байранд авах, аль өдөр явуулахыг тойргийн хороо мэдэж шийдвэртээ заах юм. Хуулиараа дахин санал хураалтыг ажлын өдөр явуулж болно гэжээ.
Энэ удаа Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн 22 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт дахин санал хураалт болно. Нэг нь 131 мянга, нөгөө нь 113 мянган сонгочтой, тус бүр гурван мандаттай, нийслэлдээ бүү хэл Монголдоо хамгийн олон иргэнтэй тойргууд. Мөн л улсын хэмжээгээр хамгийн олон нэр дэвшигч буюу Баянзүрх, Налайх дүүрэгт 28, Сонгинохайрхан дүүрэгт 26 нэр дэвшигч өрсөлдсөн. Олон сонгогчийн санал олон нэр дэвшигчид тарамдсанаас авсан саналын тоогоороо гуравт орсон нэр дэвшигчид 28 хувийн босго даваагүй.
Дахин санал хураалт тойрогтоо авсан саналын тоогоор гурав, дөрөвт жагссан нэр дэвшигчдийн хооронд болох юм. Ингээд 22 дугаар тойрогт 24,66 хувийн санал авсан МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг , 24,61 хувийн санал авсан МАН-аас нэр дэвшигч Д.Арвин нар дахин санал хураалтаар өрсөлдөж, хэн нь УИХ-ын гишүүн болохоо үзнэ. Харин Сонгинохайрхан дүүрэгт 26,09 хувийн санал авсан АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, 25,02 хувийн саналтай МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар нар даагаа нэхнэ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )