Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулах нь тодорхой боллоо. Хэдийгээр албан ёсны дүн гараагүй ч тус намаас тойрогт нэр дэвшигчид хэдийнэ түр үнэмлэхээ гардаад эхэлсэн. Ардчилсан сонгуулийн түүхэнд хоёр дахь удаагаа Ардчилсан нам ялалт байгуулж байгаа нь энэ. Магадгүй энэ дүнг сонгогчид аль эрт гаргасан байсан ч гэж хэлж болох юм.
Ууган улс төрийн хүчин хоёр салж, МАН, МАХН болж тоглолт хийх болсон нь ард түмэнд таалагдаагүй. Муур, нохой шиг хөөцөлдөж, хэн хэнийхээ мууг үзэж, ханилж явсан он жилүүдээ умартаж, эрх ашиг, албан тушаалын төлөө улайрсан тэдний үйлдэл ирэх дөрвөн жилийн улс орны өнгө төрхийг илтгэсэн хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. Үүнийг нь өнгөрсөн жилүүдэд тус намын рейтинг ямар байсныг бататгах биз. Тэр дундаа энэ удаагийн сонгуулийн үр дүн бүр ч баталлаа. Гэхдээ Ардын намынхан ч ийм үр дүн гарна гэдгийг таамаглаж байсан. Хамгийн гол нь 22 жилийн турш засгийн эрхийг атгаж, хөрөнгө мөнгөний эзэн суучихаад ард олны амьдралд нүдэнд үзэгдэж, гарт баригдах дэвшилт авчирсангүй. Гагцхүү цаасан дээрх тоон үзүүлэлт нь нэмэгдсэнээс биш хөрсөнд бууж, соёолсон зүйл ховортой он жилүүд байлаа. Үе үеийн танхимын тэргүүнүүд нь шинэ цагийн цээж баяны имиж бүрдүүлдэг жишиг тогтоодог нь сонгогчдод нь таалагдсангүй. Тийм ч учраас ард түмэн энэ удаад өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлсэн цэнхэр булангийнханд хувь заяагаа даатгалаа. Гэвч МАН-ынхан энэхүү гашуун үнэнтэй эвлэрэхийг хүссэнгүй. Шуудхан хэлэхэд, ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, элдэв арга мэх эрэлхийлэх болов .
Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд байна. Ирэх дөрвөн жил улс орныг хэн удирдан чиглүүлж, ямар бодлого үйл ажиллагаа явуулах нь юу юунаас илүү чухал. Иймээс Ардчилсан намд энэ хариуцлагатай үүргийг хүлээлгэж, олуулаа ялалт байгуулах шийдэл нь Монголын ард түмний сонголт. Харамсалтай нь, ялагдаж чаддаггүй хэсэг нь Сонгуулийн ерөнхий хороог гороолж, өөрт ашигтай хувилбарыг хайн, гомдол нэхэх боллоо. Улс төрийн 11 нам, хоёр эвсэл нэгдэж, мэдээлэл хийсэн. Тэд саналын хуудсыг гараар тоолж, баталгаажуулахыг шаардаж буй. Гол нь улс төрийн жижиг намуудтай МАН нэгдсэн нь содон хийгээд сонирхолтой үйл явдал байлаа. Өмнө нь нэг нүдээрээ үзэх нь битгий хэл хэлж ярьж байгааг нь үл тоомсорлодог байсан жижиг намуудтай хөтлөлцөж, доошоо орох юм чинээ санаж байсангүй. Аргагүй л МАН-ын арга нь барагдсан юм даг уу. 2004 оны сонгуулиар МАХН (одоогийн МАН) ялалт байгуулчихаад үр дүнг эсэргүүцсэн жижиг намуудыг хэрхэн “дэвсэлж” байсныг мартаагүй байлтай.
2004 онд өнөөдрийнх шиг үйл явдал өрнөж байсан. Аль ч нам 39-ээс дээш суудал авч байж олонх болох учиртай. Гэвч тэр үед аль ч нам олонх болж чадаагүй. Иймээс МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл хоорондоо зөвшилцөх, хэрэв зөвшилцөж чадахгүй бол парламентад суудал авсан гурван нам хэлэлцэж Ерөнхий сайдад нэг хүнийг нэр дэвшүүлэх байлаа. Ингээд эцэст нь МАХН, Эх орон-Ардчилал эвсэлтэй гар барилцаж, Засгийн газрын эрхийг хоёр, хоёр жилээр барихаар тохиролцож байсан түүх бий. 22 жилийн турш Засгийн эрхэнд ноёрхсон энэ нам ялагдалтай хэзээ ч эвлэрдэггүй. Өнө мөнхөд төрийн толгойд заларч байхыг илүүд үздэг. Тиймдээ ч нас хэлбийсэн ч суудалтайгаа зууралдаж байдаг нь тэдний зан.
Уг нь санал тоолох автомат машиныг хэрэглэхгүй гээд суух боломж нөхцөл нь МАН-д хангалттай байсан. 2008 оны сонгуулийн үр дүнд олонх болсон тэд аливаа асуудлыг өөрт ашигтайгаар баталж чадсан. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг ч шинэчлэн батлахад тэдний хувь нэмэр чамлахааргүй. Мөн гар аргаар тоолохгүй байх аргачлалыг хүртэл хуульдаа тусгах санаачилга гаргаж байсан биш үү. Гол нь тэд ялагдал гэдэгтэй эвдэрч чадахгүй, дөрвөн мөчөөрөө тийжигнэж байгаа нь энэ. Ард түмний сонголттой эвлэрч, ялагдлаа хүлээх улс төрийн соёл 90 жилийн түүхтэй энэ намын удирдлагуудад алга. Гараар тооллоо гээд гарах өөрчлөлт нь бага болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос хэлж, сануулсаар буй. Гэвч гараар тоолвол “Бид ялна” хэмээн зөрүүдэлж байгаа нь өмнөх сонгуулиудын үр дүнгийн гаргалгаа ч байж мэдэх юм шиг.
Сэтгэгдэл ( 0 )