Сурсан юмыг сураар боож болохгүй ээ гэж...

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Сонгуулиа өгснөөс хойш даруй 4 хоног өнгөрчээ. Эхлээд ч сонгуулийн дүн мэдээ яагаа бол гээд сонирхоод сүйд болоод байсан, одоо ч олон хоног ужиграад сонин биш болж дээ.

Өчигдөр нөгөө түүхэнд орж тэмдэглэгдсэн  долоодугаар сарын 1-ний өдөр байлаа. СЕХ-ны үүдээр гомдоллоод эргэлдээд байгаа ялагдагчдын төлөөллийг эс тооцвол Монгол орон даяар нам гүм, огт сонгууль болоогүй мэт.

 Зарим нам, нэр дэвшигчдийн өгүүлж буй шиг автомат машин хэмээх хэргийн эзэн үнэхээр санал луйвардчихсан бол аль хэдийн хүмүүс АН-ын байрны гадаа жагсаж орилолдоод, шатаачихмаар юм, гэтэл тэгсэнгүй. Тэгэхээр ард түмэн ямар ч байсан өөрсдийн өгсөн саналын үр дүнд сэтгэл хангалуун байгаа бололтой.

Харин унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр ямар нэгэн шалтгаанаар ялж чадаагүй нам эвсэл, нөхдүүд  сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, энд тэнд хэвлэлийн бага хурал хийн автомат машины муу муухайг гайхацгаагаад л. Үнэхээр л тийм юм бол анхнаасаа яах гэж бүгдээрээ хамтарч шийдээд татвар төлөгч бидний тэр олон тэрбум төгрөгөөр оруулж ирсэн юм. Тухайн үедээ түүнээс сайхан амьтангүй л байсан биз дээ, сонгуулийг ямар ч луйвар булхайгүй явуулна гэж магтан дуулаад л. Гэтэл үр дүн нь гараад ирэнгүүт зарим нөхдөд таалагдахаа байчихлаа. Хөөрхий минь, хүн биш машин юм болохоороо ямар ч арын хаалга, танил тал гэлгүй үнэнч шударгаар тоолоод ялагдагчдын дургүйг хүргэчихэв. Оронд нь хүн гараараа тоолсон бол хуруу хумсан завсраа юм хавчуулж нууж байгаад нөгөө ялсан нөхрийн саналын хуудсыг тоолох явцдаа тэмдэг тавиад хүчингүй болгоод хаячихсан байгаа. Тэд бол энэ талаараа мэргэжлийн илбэчинг ч дагуулахааргүй сурмаг ажиллана. Тиймээс ч энэ процедураа санагалзаад нойр нь хүрэхгүй, СЕХ-гоор хэл ам татлаад яваад байгаа бололтой. Сурсан юмыг сураар боож болохгүй ээ гэж, үнэхээр л хэцүү юм даа хөөрхий...

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top