Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байна гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Улс төрийн намууд хуулиа хүндлэн, эе эвийг хичээж улс төрийн үйл ажиллагаа явуулах нь Монгол орны эрх ашигт нийцэх тул намын эрх ашгаасаа эх орныхоо эрх ашгийг өндөрт тавьж ажиллахыг Монголын бүх улс төрийн хүчинд уриалж байгаагаа Монгол Социал-демократ намын төлөөлөгчид  мэдэгдлээ.  Ийм  агуулга бүхий мэдэгдлээ тэд өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагад гардуулав.

Тус намын мэдэгдэлд, Монгол Улсын Их Хурлын болон нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгууль нь шинэ хуулийн дагуу тооллогын шинэ технологи, аргачиллаар явагдсанаараа онцлог, дэвшилттэй болж өнгөрснийг тэмдэглээд  сонгуулийн үйл ажиллагааг төрөөс томилогдсон хэнээс ч хараат бус Сонгуулийн Ерөнхий Хороо хүчин төгөлдөр байгаа хуулийн хүрээнд зохион байгуулан тангараг өргөсөн төрийн албан хаагч нараар  дамжуулан явуулсан тул сонгуулийн үр дүнг манай нам хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна гэжээ.

Нам хүчнүүдийн хүсэлтээр бүх тойрогт саналыг гар аргаар дахин тоолох нь олон жил сонгуулийн үр дүнг булхайцаж ирсэн аргыг дахин хэрэглэж субьектив нөлөөгөөр сонгуулийн дүнг будлиулах, дараа дараагийн сонгуулийн үр дүнг эс хүлээн  зөвшөөрөх явдлыг өдөөх, батлагдаж хүчин төгөлдөр байгаа хуулийн хэрэгжилтийг саатуулах, эрх зүйт төрийг сулруулах улмаар олныг хамарсан эмх замбараагүй байдлыг өдөөж, 7 сарын 1-ний үйл хэргийг давтах аюулд хүргэнэ гэж Монголын Социал Демократ Нам үзэж байгагаа мэдэгдэлдээ онцлон тэмдэглэсэн байна гэж  СЕХ-ын хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top