АН аль намтай эвсэн Засгийн газар байгуулахаа шийдээгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

АН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаа өнөөдөр 10 цагт эхлүүлсэн байна. Улмаар 12 цагт Төрийн ордонд хуралдааны талаарх мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг ээлжит бус хурлаараа  хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Тодруулбал:

  1. УИХ-ын хаврын чуулганыг яаралтай дахин хуралдуулах. Өөрөөр хэлбэл УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой тул маргаантай тойргуудыг үлдээгээд шинэ парламентыг нэн даруй байгуулах ёстой. Үүний тулд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөх бичиг уламжлахаар төлөвлөөд байгаа гэнэ.
  2. Иргэдийг аливаа хууль бус үйлдэлд турхирч, уриалан дуудахгүй байхыг улс төрийн нам, улстөрчид, төрийн болон төрийн бус байгууллагуудад анхааруулах
  3. Төрийн албан хаагчид, эрх баригчид асуудалд хөнгөн хуумгай хандахгүй байх
  4. Бүлгүүдийн хугацаагүй завсарлага авдгийг болиулах. АН-ын бүлэг чуулган завсарлахаас өмнө намуудын хугацаагүй завсарлага авдаг явдлыг болиулах хуулийн нэмэлт өөрчлөлтийг байнгын хороо болон чуулганаар хэлэлцүүлсэн. Одоо эцсийн шатны хэлэлцүүлэг дутуу бөгөөд  тэд намрын чуулганаас өмнө батлуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.
  5. Орон нутгийн сонгуулийн асуудлыг түргэвчлэх. Үүний тулд УИХ-ын байнгын ажиллагааг хангах ёстой бөгөөд шинэ парламентыг наадмаас өмнө бүрэлдүүлэх шаардлагатай байгаа ажээ.

АН-ын бүлэг 2008-2012 оны парламентад цөөнх байсан бөгөөд 2012-2016 оны парламентад олонх болж байгаа юм. Тиймээс АН засгийн эрхийг авах нь тодорхой болж байгаа. Одоо харин АН МАН, эсвэл МАХН-ын алинтай нь эвсэхээ шийдэх үлдээд байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс тодруулахад: “Одоогоор эвслийн Засгийн газар байгуулахад эрт байна” гэж тайлбарлав. Эх сурвалжийн хэлж байгаагаар АН МАН-тай эвсэх бодолгүй байгаа бөгөөд МАХН-ын зарим нэг гишүүнд сайдын суудал өгч хамтрах магадлалтайг хэлж байлаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top