Гурван бие даагч өнөөдөр уулзаж хэрхэхээ шийднэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03


2012 оны УИХ-ын сонгууль дуулиан шуугиантайхан болж өнгөрлөө. Аль нэг нам, эвсэл илт давуу ялалт байгуулж чадсангүй. Мөн олонхи болж, дангаараа Засгийн газрыг бүрдүүлэх боломжгүй болов. Энэ удаагийн сонгууль нэлээн өвөрмөц болж өнгөрсөн. Бие даагчид нэлээн олон байлаа. Тэднээс гурав нь ялалтын туг мандуулсан юм.

“Фэнг-шүй” хочит Үйлдвэрчний эвлэлийн Ганбаатар Дархан-Уул аймагт цойлсон бол мөнгөтэй хүмүүст тойргоо булаалгаж, МАН-аас нэр дэвших боломжгүй болсон “Эсэргүү” гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл нутагтаа бие дааж нэр дэвшээд бахдам ялалт байгуулсан билээ. Дорнод аймагт “Дорнод гурил” ХХК-ийн ерөнхий захирал Х.Болорчулуун бие даан нэр дэвшин нэгээр гарч ирсэн. Тэнд мөн л мөнгөтэй хүмүүс аархаж, энэ залууд намаасаа нэр дэвших боломж олгоогүй юм. Х.Болорчулуун өөрийн ялалтад дэндүү итгэлтэй байсан тул намынхандаа хандаж “Би бие дааж нэр дэвшээд намдаа нэг суудал заавал авчирна. Та нар харж л байгаарай” гэсэн гоморхлын үгийг чулуудсан гэлцдэг.

Одоо тэрбээр хэлсэн амандаа хүрэх үү гэдэг нь удахгүй тодорхой болно. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан дээрх гурван “гишүүн”  өнөөдөр  Монголын Үйлдвэрчний эвлэлийн байранд уулзаж, хэрхэх тухайгаа ярилцах гэнэ. Тэднийг өнгөлж яваа мэдээ тархангуут хоёр ах нам шууд л хайр зарлан тэдэнд баярын мессеж илгээж байсан. Тэгэхээр гурван нөхөр нэлээн үнэд орох янзтай.
 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top