“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар бэлэн боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04



 

Маргааш хэвлэгдэн гарах Эмхэтгэлийн шинэ дугаарт, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг бүрэн эхээр нь нийтэллээ. Хуулийн зорилт нь эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зохицуулах эрх зүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах ажээ.

“Эвлэрүүлэн зуучлал” гэж талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дэмжлэг үзүүлэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа” хэмээн тодорхойлжээ. Тус хуульд эвлэрүүлэн зуучлах журмаар маргаан шийдвэрлэх харьяалалыг тогтоож өгсний зэрэгцээ шүүх, төрийн болон төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагчийг хэрхэн ажиллуулах, тэдэнд ямар шаардлага тавигдах, эвлэрүүлэн зуучлагчдын Зөвлөл ямар эрхтэй байх зэргийг хуульчилж өгсөн байна. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч хэн байх, тэдний эрх, үүрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаааны журамтай  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс дэлгэрэнгүй танилцах боломжтой. Мөн дугаарт энэ хуулийг дагалдан гарсан зарим хуулиудад нэмэлт, нэмэлт өөрчлөлт оруулсныг нийтэллээ.

УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Энэ хуульд гамшгийн үед шаардагдах цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх зүйлийг нэмсэн бөгөөд “цусны байнгын донор” гэж жилд хоёр ба түүнээс дээш удаа цусаа өгөгчийг” хэлнэ гэж тодорхойлжээ. Түүнээс гадна “ашиг олох зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн экспортлож, импортлохыг хориглоно” гэж заасан байна. Мөн Донорын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон улсын байцаагч, шүүгч зөрчлийн шинж  байдлыг харгалзан ногдуулах захиргааны шийтгэлийг тодорхой хуульчилж өгсөн байна.
 
Орон нутгийн  хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Өөрчлөлтөөр Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ням гариг байна гэж заажээ.

Мөн дугаарт, Монгол Улсын Засгийн газрын зарим тогтоолыг нийтэллээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

2012 оны 7 дугаар сарын 4

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top