Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтоныг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Энэ үеэр Ерөнхийлөгч Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан хоёр орны нийгэмд, эдийн засгийн салбарын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Эдлтоныг “Алтан гадас” одонгоор шагнасан юм.
Шагнал гардуулсныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “2012 онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна. Та Монгол Улсад зургаан жил ажиллахдаа хоёр орны харилцаанд томоохон хувь нэмэр орууллаа. Мөн таны бичсэн Монгол, Америкийн харилцааны түүхийг өгүүлсэн маш сонирхолтой номыг уншсан. Таны ном хоёр улсын харилцааны судлалд өндөр үр өгөөжөө өгсөн бүтээл болсон гэж бодож байна. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсч гэр бүлд тань сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.
Дараа Элчин сайд Эдлтон хэлэхдээ “Миний хувьд Монгол Улсад томилогдон ажилласандаа чин сэтгэлээсээ баяртай байгаа. Монголын түүх соёл, хөгжим, уламжлалыг би чин сэтгэлээсээ хүндэтгэдэг. Энэ жил анхны америк хүн Монгол Улсад зорчсоны 150 жилийн ой тохиож байна. Мөн энэ үеэр манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болж байгаа нь онцгой хэрэг. Цаашид монгол оронтой сэтгэл зүрхээрээ холбоотой байх болно” хэмээлээ.
Сэтгэгдэл ( 0 )