Энэ жилийн УИХ болон НИТХ-ын сонгуульд МАН намынхаа залуу халаа болсон НАМЗХ–ын шилдэг боловсон хүчнүүдээ тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшүүлсэн. Намын ажлыг анхан шатнаас нь хийж, удирдах албан тушаалд эрэмбэ дараатай, чансаатай бэлтгэгдсэн залуу боловсон хүчнээ ийнхүү хүлээн зөвшөөрснөөрөө МАН шинэ залуу улс төрчид, намын залуу үеийн дэмжигчдэдээ урам хайрласан үйл явдал боллоо. Архангай аймагт “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат, Орхон аймагт “НИК” группын захирал О.Содбилэг, Дорнод аймагт МАН-ын бага хурлын гишүүн, НХХЯ-ны дэд сайд Н.Номтойбаяр, Өвөрхангай аймагт НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч Н.Төмөрхүү, намын жагсаалтаар НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нар өрсөлдсөн билээ. Эдгээр залуучуудад нэр дэвшсэн тойргоосоо олон санал авч гурав нь ялалт байгуулсан. Энэ бүхнээс харахад МАН залуу боловсон хүчнээ бодлогоор дэмжихийн зэрэгцээ тус намын дотоод ардчилал хэр зэрэг байгааг харуулсан хэрэг боллоо. Улс төрд аль нам нь хамаагүй улс орноо хөгжүүлье гэсэн сэтгэлтэй залуучууд олноор хүч түрэн орж ирж байгаа нь сайхан хэрэг. Парламентад залуучууд нөлөөтэй, хүчтэй байна гэдэг шинэ уур амьсгал, ирээдүйг харсан бодлого, санал санаачилга түлхүү гарна гэсэн үг. Хууль тогтоох дээд байгууллага холыг хардаг, хэтийг төлөвлөдөг байх ёстой. Үүнд залуучуудын үүрэг, оролцоо чухал. Ардын нам үүнийг л олж харж чаджээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )