Гурван яам ажлаараа бусдыгаа манлайлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04


 

2011 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам өндөр үнэлгээ авсан байна.

Мөн өнгөрсөн оны ажлын үзүүлэлтээр өндөр үнэлгээ авсан Сэлэнгэ, Төв, Хэнтий, Увс, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт тус бүрт нь сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор болов.

Үүнээс гадна үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс санал асуулга авч үнэлж, дүгнэж байх, хяналт-шинжилгээ үнэлгээний чадавхи, үр нөлөөг дээшлүүлэх талаар санаачлагатай ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгалаа.

 

ТОВЧ МЭДЭЭ

  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 15 мянга, 18 ба түүнээс дээш насны гишүүнд сар бүр 10 мянган төгрөгийн тэтгэмж олгож байхаар тогтлоо.
  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төсвөөс гадуур зардал гаргахгүй байх, төсвийн орлого, зарлагаа нэмэгдүүлснээр төлөвлөгдсөн орлого тасарсан нь улсын төсвийн орлогын төлөвлөгөөг таслах үндэслэл болохгүй учир орлогыг бүрэн төвлөрүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. 
  • Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Манай улс 2010 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын олон улсын баталгаажуулалтад орж, санаачлагыг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан “нэр дэвшигч” орноос “шаардлага хангасан” 4 дэх орон болсон байна. Мөн өнгөрсөн онд энэ санаачлагын Олон улсын удирдах хорооны даргын нэрэмжит шагнал хүртжээ.
  • Газрын тосны хайгуулын Матад-ХХ талбайд Газрын тосны газар, “Петро Матад” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг 5 жилээр сунгалаа. Анх гэрээ байгуулахдаа 5 сая ам.долларыг хайгуулд зарцуулахаар тохирсон байсан бол өнөөдрийн байдлаар 40 орчим сая ам.доллар зарцуулаад байна.
  • Энэ оны зургаадугаар сар хүртэл хугацаанд гарсан аюулт үзэгдэл, ой, хээрийн болон обьектийн түймэр, мал, амьтны халдварт өвчний улмаас Хэнтий, Төв аймаг, Хил хамгаалах ерөнхий газарт учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлах, энэ оны эхний хагас жилд гамшгийн голомтод ажилласан аврагч, албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал зэрэгт шаардагдах 1 тэрбум гаруй төгрөгийг нөөц сангаас гаргахаар тогтлоо.
  • Улирлын чанартай төсвийн орлого, зарлагын зөрүүг нөхөх зорилгоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт эргэн төлөгдөх нөхцөлтэй 2 тэрбум 500 сая төгрөгийн төсвийн зээл олгохоор тогтов. 
  • Булган аймгийн Татварын хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 11 айл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, БЗД-ийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд байрлалтай 401 дүгээр байрны 9, 41, 52 тоот, 403 дугаар байрны 33, 43, 63, 78 тоот, 404 дүгээр байрны 52 тоот, Байшин үйлдвэрлэх комбинатын ажилчдын орон сууцны 5, 16Б, 36 тоот,  СХД-т байрлалтай Бөөний худалдааны болон Батлан хамгаалахын нийтийн байрны 9-1, 28-30 тоот, Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 8 айл, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1 айл, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн охин компани болох “Есөнбулаг” компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1 айлын орон сууцыг тус тус орон суугчдад нь хувьчлахыг зөвшөөрлөө.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сард БНХАУ-ын Бээжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
  • УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын хайгуулын зарим тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай төсөл, гишүүн Л.Гүндалайн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй хэмээн уламжлахаар болов.
  • Лондонгийн олимпоос медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийг урамшуулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Баттулга санаачлан боловсруулсан байна. Энэ онд спортын төвлөрсөн арга хэмжээний зардлыг 10.2 тэрбум, үүний дотор шагналын зардлыг 2 тэрбум төгрөг байхаар УИХ-аар батлуулсан. Батлагдсан төсөвт тусгагдаагүй аливаа арга хэмжээ, төслийг батлан хэрэгжүүлэх нь Төсвийн тухай хуульд нийцэхгүй тул төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.
  • Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
  • “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны 5 дугаар хуралдаанаас нийгэмлэгийн дансанд байгаа төмөр замын Чойр, Сайншанд, Замын-Үүд, Зүүнхараа өртөөний эмнэлгийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан дээрх эмнэлгүүдийг хүлээн авах боллоо. 
  • Боловсролын салбарт БНСВУ-тай 2015 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжлээ. Хэлэлцээрийн дагуу 2012-2015 онд жил бүр 15 монгол оюутан суралцах юм. Мөн дээд боловсролын болон судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа эрчимжиж, багш, судлаач солилцох зэрэгт ахиц гарах юм байна.
  • “Багануур”, “Шивээ-Овоо” компанийг агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлж, нэр бүхий 21 аж ахуйн нэгжийг төлбөрөөс хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.
  • “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн дүрэм, Конвенци”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Монгол циркийг үндэслэн байгуулагч, гавьяат жүжигчин Ж.Раднаабазар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Цэндийн /Өвгөөдэй/ Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр тогтов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top