Р.Раш, Г.Батхүү хуулийн төсөл өргөн барив

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

УИХ-ын гишүүн Р.Раш, Г.Батхүү, Ц.Цэнгэл, Ц.Дашдорж нар Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ. Тэд өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хуулийн төслөө өргөн барьсан юм. Төмөр замын тээврийн салбарын эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, хуулийн зарим учир дутагдалтай зохицуулалтыг залруулах шаардлагатай байгаа учраас хуулийн төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагчид хэлэв. Төмөр замын салбар дахь төрийн зарим чиг үүрэг хэрэгжихгүй, зохицуулалт нь төмөр замыг хөгжүүлэх өнөөгийн хэрэгцээнд нийцэхгүй байгааг харгалзан төмөр замын тээврийн салбар дахь төрийн оролцоог тодорхой болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын хооронд үүсэх өргөн цар хүрээтэй нийгмийн харилцааг тогтоосон, нөгөө талаас техник технологийн шаардлага, нөхцөлийг тодорхойлсон зохицуулалтыг тодорхой болгож, төмөр замын тээврийн салбарт хөрөнгө оруулагчдын итгэлийг баталгаажуулах нь энэ салбарын цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой болохыг хуулийн төсөл санаачлагчид хэлж байгаа юм.

Тухайлбал, эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтэц байгуулах шаардлагатай газрыг тусгай хэрэгцээнд авах, төмөр замын тээврийн салбарын норм нормативын бичиг баримтыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталж байхыг чухалчилжээ. Мөн тусгай зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлагыг тодорхой болгож, тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх техник, технологийн боломжийг бодитойгоор шалгахтай холбоотой болон тусгай зөвшөөрлийг хянан шийдвэрлэх хугацааг уртасгасан заалт оруулж өгчээ. “Хамгийн гол нь төмөр замын салбарын ажилчдад олгох нөхөн төлбөр, буцалтгүй тусламжийн асуудлыг тусгасан явдал” хэмээн УИХ-ын гишүүн Р.Раш хэллээ.

Э.Батаа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top