Ц.Элбэгдорж: Энэ удаагийн сонгуулийн дүн сонгогчдын хүсэл зоригийн илэрхийлэл болж чадсан

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Сонгуулийн Ерөнхий хороо  Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн дүн, нам эвслийн авсан суудлын тоо, сонгогдсон гишүүдийн нэрсийн жагсаалтыг өнөөдөр өргөн барилаа.

Сонгуулийн Ерөнхий хороо өчигдөр буюу 2012 оны 7 дугаар сар 4-ний өдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн “УИХ-ын сонгуулийн дүн айлтгах тухай” 136 тоот тогтоол гаргасан болохыг СЕХ-ны дарга Н.Лувсанжав хэлээд тогтоолд хавсаргасан УИХ-ын сонгуулийн дүн, нам эвслийн авсан суудлын тоо, сонгогдсон гишүүдийн нэрсийн жагсаалтыг танилцуулав.

Тэрээр, нам эвслүүдийн авсан суудлын тоогоор МАН-25, АН-31, ИЗНН-2, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, бие даан нэр дэвшигч-3 нийт 72 гишүүний нэрийг айлтгалаа. “ УИХ-ын сонгуулийн 22, 26-р тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн тоо тухайн тойргийн мандатад хүрээгүй тул дахин санал хураалт явагдана. УИХ-ын сонгуулийн 10-р тойргийн 2 нэр дэвшигчтэй холбоотой шүүхийн шийдвэр гарсан тул эдгээр тойргийн нэр дэвшигчдийн нэрсийг айлтгахыг хойшлуулж байна” гээд холбогдох материалыг Ерөнхийлөгчид гардууллаа.

Дахин санал хураалтыг техник зохион байгуулалтын хувьд наадмын өмнө хийх боломжгүй байна. Наадмын дараа ч сонгогчдын ирц хүрэлцээгүй байх болов уу гэсэн үүднээс  бэлтгэл зохион байгуулалтыг хангасны дараа товыг жич зарлая гэсэн бодолтой байна гэж СЕХ-ны дарга Н.Лувсанжав хэлэв.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:  “УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг хүлээн авч байна. Манай иргэд энэ сонгууль ямар зохион байгуулалттай, ямар дэвшилтэй, ямар байдалтай болсон бэ гэдгийг өөрсдөө оролцон, хуруугаа таниулахаас авахуулаад саналын хуудсаа авч саналаа өгөх хүртэл гараараа мэдэрч үзэцгээсэн. Энэ удаагийн сонгуулиар гарсан дэвшил, хуулиар зохицуулсан асуудлуудыг өөрсдөө харж мэдэрсэн учраас би олон зүйлийг тайлбарлах шаардлагагүй болов уу гэж бодож байна.

 Бид нэг зарчим барьж байгаа. Энэ нь монголын ард түмний, манай сонгогчдын шийдэл бол хамгийн дээд шийдвэр юм гэсэн зарчим. Ажиглаж байхад олон удаа сонгууль явуулсан туршлага маань Монголыг илүү нээлттэй, илүү ардчилсан эрх зүйт нийгэм рүү аваачихад  Их Хурлын сонгуулиуд, түүгээр бүрэлдсэн бүрэлдэхүүн тодорхой нөлөө, түлхэц үзүүлдэг нь харагдсан. Дээр нь олон мянган төрийн албан хаагчид маань энэ сонгуулийг хуулийн дагуу хичээнгүйлэн зохион байгуулсныг тэмдэглэн хэлэх ёстой.

Ер нь төр оршихын үндэс бол хуулийн хэрэгжилт. Сонгуулийн хуулиа гаргасан. Энэ хуулийнхаа дагуу сонгуулиа явууллаа. Сонгуулийн хуультай холбоотой ямар нэг асуудал байвал цаашдаа ийм зүйл дээр анхаарах хэрэгтэй байна, ийм өөрчлөлт хийе гээд Сонгуулийн ерөнхий хороо саналаа бэлддэг. Энэ Их Хурал бүрэлдээд эхний чуулганаараа Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөө хэлэлцэн шийдэх ёстой гэж би бодож байна. Ингэвэл асуудлаа сайн тусгадаг. “Ийм зүйл дээр дутуу бодсон юм байна. Үүн дээр хуулийн зохицуулалт хийж өгөх хэрэгтэй юм байна” гэж  бодох болов уу.

 Ерөнхийлөгчийн хувьд ямар нэг маргаан шийдвэрлэдэггүйг та бүхэн мэдэж байгаа. Сонгуультай холбогдон яригдах зүйл бол сонгуулийн хэсгийн хороон дээрээ хэлэлцэгдэн тогтоол гарч тойргийн хороогоороо дамжин Сонгуулийн ерөнхий хороо эцэслээд орж ирдэг. Хэрвээ хууль зөрчсөн нэр дэвшигчид байгаад тэр нь хуулийн дагуу нотлогдох юм бол гишүүнийх нь бүрэн эрхийн асуудал дахиж гарч ирдгийг хэлэх нь зөв юм гэж бодож байна.

Хамгийн гол зүйл бол нэг өдрийн өмнө ч болов энэ сонгуульд оролцсон улс төрийн намууд, сонгогдсон нөхдүүд  бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилдаа орох ёстой. Ийм учраас өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос илтгэж буй 72 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхтэй холбогдсон хуулийн асуудлыг хүлээн авлаа. Өнөөдөр зарлиг гаргана. Маргааш долдугаар сарын 6-ны 10 цагаас УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөх, шинээр сонгогдсон УИХ-ын бүрэн эрх эхлэх төрийн ёслол явагдана.

Би УИХ-д суудал авсан улстөрийн намуудын дарга нартай уулзсан. Хуулиараа уулзаж зөвшилцөнө гэж байгаа,  зөвшилцөнө гэдэг бол хуулийн ойлголтоор мэдэгдэнэ гэсэн үг. Ерөнхийлөгч  маргааш, долдугаар сарын 6-нд 10 цагаас УИХ-ын шинэ чуулганы товыг зарлаж байна. Сонгогдсон  нөхдүүд энэ төрийн ёслолд ирж УИХ-ынхаа гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжоо бүрдүүлэх ёстой гэдгийг УИХ-д суудал авсан нам, эвслийн дарга нарт мэдэгдсэн. Төрийн ёслол төрийн хуулийн дагуу явагдана.

Энэ удаагийн сонгуулийн дүн  сонгогчдын хүсэл зоригийн илэрхийлэл болж тусч чадсан гэж бодож байна. Тиймээс УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж, Засгийн газраа хурдан зохион байгуулах, ард иргэдийн өмнө амласан, улс орны өмнө тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх ажил руу шуурхай орох ёстой. Үүндээ  хуулийн дагуу бүгдээрээ хариуцлагатай хандаж  оролцоно гэдэгт итгэж байгаагаа дахин илэрхийлье.

Та бүхэн  хуулийн дагуу ажлаа гүйцэтгэж, хуулийн хугацаанд УИХ-ын сонгуулийн дүнг өргөн барьж байгаад талархал илэрхийлье. Сонгуулийг зохион явуулсан байгууллага, ажилласан төрийн албан хаагчдад ард иргэдийнхээ өмнөөс,  сонгуульд оролцсон улстөрийн намууд, төрийн нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүсье” гэв.

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top