Ц.Эрдэнэсайхан: Намайг хулхидаж, ээжийг минь өвчинтэй нь шаналгаж буй Ч.Ганхуяг сайдад зориулж шүлэг хүртэл зохиосон

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

Өчигдөр УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Ганхуягийн сонгуулийн сурталчилгааны багт ажилласан иргэн Ц.Эрдэнэсайхан “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр нэр дэвшигч Ч.Ганхуяг сайдын иргэдтэй уулзсан уулзалтуудыг 14 хоногийн турш хөтөлсөн бөгөөд ажлын хөлсөнд 2 сая 800 мянган төгрөг авахаар тохиролцон ажиллажээ. Гэтэл нэр дэвшигч Ч.Ганхуяг 500 мянган төгрөг  өгөөд, үлдсэн мөнгө болох хоёр сая 300 мянган төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа аж. Яруу найрагч тэрээр сайдад зориулан шүлэг хүртэл зохиожээ. Энэ тухай иргэн Ц.Эрдэнэсайхантай ярилцсан юм. 

 -Хэвлэлийн хурал хийх болсон талаараа товч тодруулахгүй юу?

-Би өнөөдөр УИХ-ын 23-р тойрогт нэр дэвшсэн Ч.Ганхуягийн тухай мэдээлэл хийхээр ирсэн. Ээжийнхээ хагалгааны зардлыг олох шаардлагатай байсан учраас 2012 оны 6-р сарын 10-наас  2012 оны 6-р сарын 26-ныг хүртэл нэр дэвшигч Ч.Ганхуягийн иргэдтэй уулзах уулзалтуудыг хөтлөж ажилласан. Ингэхдээ 14 удаагийн уулзалтын хөлсөнд 2 800 000 төгрөг авахаар болж, урьдчилгаа 500 мянган төгрөгийг авсан юм. Харин одоо 2 300 000 төгрөг авах ёстой. Гэтэл энэ мөнгийг одоог хүртэл өгөөгүй байна. Хамгийн гол нь Ч.Ганхуягт “7 дугаар сарын 2-нд Ээж маань үе солиулах хагалгаанд орно. Тиймээс энэ хугацаанаас өмнө тооцоогоо хийгээрэй” гэж сануулж, зөвшилцсөн байсан. 

-Таны хүсэлтэд ямар хариу тайлбар өгсөн бэ?

 -Би долдугаар сарын нэгнээс хойш сонгуулийн штаб болон менежерүүдтэй нь холбоо барих гээд чадсангүй. Ингээд аргаа барж, нэр дэвшигч Ч.Ганхуягтай утсаар ярьж зовлонгоо тоочсон. Гэтэл “Чамайг би ойлголоо. Маргааш асуудлыг чинь шийдье" гэж хэлсэн. Харин асуудлыг шийдэх өдөр буюу маргаашнаас нь утсаа аваагүй. Аргаа барахдаа долдугаар сарын 3-ны өдөр “Миний ээж таны мөнгийг хүлээж чадахгүй нь ээ. Тиймээс таны нүдэн дээр ил хийсэн миний ажлын хөлсний үлдэгдэл 2 300 000 төгрөгийг маш яаралтай олгож өгөөч” гэсэн мессежийг бичсэн. Энэ мэтчилэн би олон удаа мессеж илгээсээр байсан. Харин тэр өдрийн 18 цагийн үед түүнээс “Нам болон Удаанжаргалтай уулзаж байж энэ асуудлыг шийднэ “ гэсэн хариу мессеж ирсэн. Гэвч бас л худлаа ярьсан байв.   

-Та ямар сэжмээр Ч.Ганхуягтай холбогдож хамтарч ажиллах болсон бэ?

-Намайг Цэдэвсүрэнгийн Эрдэнэсайхан гэдэг. Нам бус, одоогоор хөтлөгч, яруу найрагч, дуучин, чөлөөт уран бүтээлч хүн л дээ. Тиймээс интернетэд арга хэмжээ хөтлөнө гэсэн зар тавьсан. Энэ зараар түүний сонгуулийн ерөнхий менежер Удаанжаргал гэдэг хүн надтай ирж уулзсан. Ингээд дээр хэлсэн цаг хугацаа, нөхцлийн дагуу хамтарч ажиллахаар тохиролцсон юм.

-Хамтарч ажиллах гэрээ байгуулсан байсан уу?

-Би энэ хүнд үнэхээр итгэж байсан учраас гэрээ байгуулаагүй. УИХ-д сонгогдох гээд явж буй сангийн сайд хүн намайг 2 сая 300 мянган төгрөг нь дээр хулхидчихна гэж бодоогүй. Яагаад гэхээр өдөр тутмын ажил маань түмний нүдэнд ил байдаг. Тэгээд ч олон нийтийн төлөө ажиллаж, ард түмний төлөөлөл болох гэж байгаа хүн ийм өчүүхэн байх юм гэж бодсонгүй.

-Таныг ажлаа хариуцлагатай хийсэн гэдгийг хэн гэрчлэх вэ?

-Намайг ажлаа сайн хийсэн гэдгийг маш олон хүн гэрчилнэ. Тухайлбал МАН-аас 23-р тойрогт цуг нэр дэвшсэн Ц.Цогзолмаа гэрч болох байх гэж бодож байна. 14 хоногийн турш Ч.Ганхуяг, Ц.Цогзолмаа гэдэг хоёр хүнийг Сүхбаатар дүүрэгт НИТХ-д МАН-аас нэр дэвшсэн бүх хүмүүстэй нь хамт тайзан дээр урьсан шүү дээ. Мөн Дамбадаржаа, 7 буудлын ард иргэд намайг мэднэ. Би яг энэ хувцастайгаа, яг энэ дүр төрхтэйгөө тайзан дээр гараад сонгуулийн арга хэмжээг нь хөтөлсөн. Мөн УИД-ийн урд 6-р сарын 26-ны өдөр 19:00 цагт хүрэлцэн ирсэн МАН-ын дарга С.Батболдыг миний гэрч болох байх гэж бодож байна. 

-Өнөөдөр таныг хэвлэлийн хурал хийх гэж байгааг Ч.Ганхуяг сайд мэдээж мэдсэн байж таараа. Танд ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-Би уржигдар орой би Ч.Ганхуяг гуай руу бүр “Ах аа хурдлаач ээ. Ээж маань хүнд байдалтай байна” гэхэд “Би чамайг ойлгож байна аа” гэсэн. Гэтэл тэр бол хүний зовлон ойлгодог хүн биш байна лээ. "Би хүлээж  чадахгүй нь ээ, хэвлэлийн хурал хийлгэлээ” гэж дахин мессеж бичихэд “OK” гэсэн хариу өгсөн.

-Та үүнийг нь юу гэж ойлгосон бэ?

-Харин тийм. Тэр “OK” гэснийг нь өгнө гэж байна гэж ойлгох уу, өгөхгүй гэж байна гэж ойлгох уу. Гайхаж хүлээгээд бас нэг өдрийг өнгөрөөсөн. Өнөөдөр харин тэсвэр алдаж хэвлэлийн хурал хийлгэж байгаа минь энэ.   

-Та Ч.Ганхуяг сайдад зориулж шүлэг бичсэн гэж байсан. Уншиж сонирхуулж болох уу?

-Тиймээ. Гэхдээ түүнд зориулж шүлэг зохиож байна гэдэг үнэхээр арга ядсаных шүү дээ.  

 

Өстөн дайсан минь боллоо гэсэн үг

 Эхийг минь нэг л хором зовоосон бол чивэлт хүн чи

Эвлэршгүй өштөн минь болж хувирлаа гэсэн үг

Эрдэм чадал юу байгаа бүхнээ

Эзэрхэг дайсан чамайг дарахад би зориулнаа

Сүлд хийморь суу билэг шид юугаа хурцлаад

Сүүн цагаан эхийнхээ шаналал зовлонгоор зэвсэглээд

Сүрт их тулааны өмнө өчүүхэн муу хорхой чамд

Сүүлчийн үгээ ч сөгдөж хэлэх ямар ч завдал олгохгүй ээ

Аадрын үүл чиний дээр аль хэдийнэ хуралдсан байна

Аянгын нүргээнт цахилгаан миний дохиог хүлээж байна

Арван мянган үеэрээ чи хонин гүрвэл болж төрөх

Ариун хүчний гэсгээлийг алгаа тосоод хүлээж байна

Суут Чингисийн дайны хар туг зүрхний тольтод сагсалзаж

Сунгаж татсан хүрэн зэвэнд эцсийн зорилгоо шивнэхэд

Шумуулын амьдралтай шившигт мөрийг чинь үнэн хөөж гүйцээд

Шувт гарахдаа цусан зүрхийг чинь дэнсэлгэх болно

Гэгзэн хайрын бахим атгаар чамайг би хаашаа ч хөдөлгөлгүй

Гэрэлт хорвоогоос тонилгох шахам муужруулах дөхөхөд

Эх хүмүүсийн үрээ гэсэн нинжин сэтгэл л намайг хорьж

Эцсийн мөчид муу нэрийг чинь аварч магадгүй

Тийм болохоор өөрийн болоод миний эхийн өмнө

Тэрслүү нүгэл үйлдэж байна гэдгээ үтэр түргэн ухаарч

Мөнгө, зоос, эрх ямбанд шунасан бэртэгчин сэтгэлээ татаж

Миний ээж өвдөж шаналж байна гэдгийг махан биеэрээ ойлгооч

Эс тэгвээс эрэгчин эмэгчнээ үзэлцье

Ил тодоор би юу чи юу гэдгээ хэлэлцье

Өүлэн эх шиг хүний махаар намайг тэжээгээгүй ч зовлонд унавал

Өстний өмнө толгой бөхийдөггүй эцэг шигээ хүн юм шүү би

 

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top