Улсын Их Хурлын гишүүн хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд сонгогдсонд тань баяр хүргэе!
Одоо харин та бүхний хувьд үүрэг хүлээж, амлалтаа биелүүлэх, нэхэл хатуутай дөрвөн жилийн аян тань эхлэх гэж байна. Та нарыг ард түмэн бид сонгохдоо дарга болгох гэсэнгүй, харин “зарц-төлөөлөгчөө” болгон та нараар дамжуулж өөрсдийн дуу хоолойгоо Монголын парламентад сонсгож байхыг хүссэн билээ.
Ард түмний дийлэнх олонхийн амьдрал ямархуу дүр зурагтай байгааг та бүхэн сая сонгуулийн сурталчилгаа хийх явцдаа тодорхой харсан биз ээ. Дотор давчдан, өрөвдсөндөө өр зүрх шимшрэн, өөрийн эрхгүй нулимс цийлэгнэмээр тийм хүнд хэцүү амьдралтай хүмүүс газар сайгүй мянга мянгаараа байна. Амьдралын нугачаанд бүдрэн, яаж амьдрах, хэнд хандахаа сайн мэдэхгүйгээс мухардалд орж, сэтгэл санаагаар гутран, архидалт ядууралд автсан, зүдэрсэн царайтай, шаналсан харцтай тэдгээр хүмүүсийн хувьд ШИНЭХЭН ГИШҮҮД та бүхэн ирээдүйн гэрэл гэгээтэй амьдралынх нь итгэл найдвар юм шүү!
Тэд таны нэрний өмнөх дугуйг зөвхөн гараараа бус, хамаг зүрх сэтгэл, хүсэл мөрөөдлөөрөө будаж, таныг олны дундаас онцолж гаргаж ирснийг бүү мартаарай!
Үнэхээр чадалтай хүн бол хэнээс ч хамаарахгүй, хэний ч дарамт шахалтанд авталгүй, өөртөө итгэлтэйгээр хүссэн зорилгодоо тэмүүлж чаддаг. Иймээс өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч байж, лобби хэмээх гадаад гоё үгээр халхалсан соёлтой луйвар, сохор авлигын сүлжээнээс холуур явах хэрэгтэй! Тиймэрхүү зүйлд нэг л хамрагдаад орчихвол буцаад хүссэн үедээ гарч болдоггүй бичигдээгүй хууль үйлчилдгийг хэн хүнгүй мэдэж байгаа биз ээ.
Хууль баталж, улс орны ирээдүйг шийдвэрлэдэг эрх мэдлийн өндөр сэнтийд заларсны хувьд мэдлэг, чадвараар бусдаас дутахгүй, өөрийгөө байнга хөгжүүлж байх шаардлага та бүхэнд тулгарах нь мэдээж. Эс тэгвээс, хуралдааны танхимд буруу дуугарвал онигоонд орчих гээд, огт дуугарахгүй бол бас онигоо болчих гээд хүндрэлтэй байдал үүсэж мэднэ. Ядаж байхад парламентын сэтгүүлчид хэмээх урт чихтэй, хурц үзэгтэй баахан нөхдүүд өдөр бүр ирж суучихаад алхам бүрийг тань харж сонжихыг яана гээч. Хэдэн жилийн өмнө нэгэн экс гишүүнийг дөрвөн жил парламентад суухдаа “наад салхивчаа хаачихгүй юу” хэмээн ганцхан удаа л дуугарсан хэмээн онигоонд оруулж байхав.
Энэхүү шинэ парламент маань эмэгтэй гишүүдийн тоо гурав дахин нэмэгдснээр их өнгөлөг талдаа болох шинжтэй. Эхчүүд, бүсгүйчүүд маань ингэж олноор парламентад орж ирсэн нь маш олзуурхууштай зөв сонголт болжээ гэж үзэхээр. Хатан ээжийн мэргэн ухаанаар зөв зүг рүү залж жолоодох өчнөөн олон асуудлууд нийгэмд шил шилээ даран хүлээлт үүссэн байдалтай байгааг эрхэм түшээ бүсгүйчүүд маань бэлхнээ мэдэрч байгаа гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Ялангуяа энэ удаад маш тэмцэгч маягийн цоглог, оюунлаг, чадалтай эмэгтэйчүүд гарч ирсэнд талархаад баршгүй байгаа.
Та бүхний зөв шийдэлтэй ажил үйлс бүрийг нийтэд сурталчилж таниулах тал дээр хэвлэл мэдээллийн ажилтнууд бид байнга дэмжиж хамтран ажиллана гэдгээ сонордуулахад таатай байна. Их үйлсийн аян тань өлзийтэй байх болтугай, АМЖИЛТ!
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )