Та бүхэн хуулийг чандлан баримталж ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэхээ баталж төр түмэндээ тангарагаа өргөлөө.
Манай ард түмэн, сонгогч бүр УИХ-ын энэ бүрэлдэхүүн, гишүүн нэг бүрээс асар их зүйлийг хүлээж байгаа. Юуны өмнө хууль, шударга ёсны хэлбэрэлтгүй хэрэгжилтийг хүлээж байгаа. Энэ ажлыг УИХ-ын гишүүд өөрөөсөө эхлэнэ гэж харж байгаа. Шударга ёс бол хэлснээр хэрэгждэг зүйл биш. Хуулийн тэгш хэрэгжилт, шийдвэр, гүйцэтгэлээр хэмжигддэг нийтийн үнэт баялаг юм.
Та бүхэн Монголын төрд хэцүү ажил хийх гэж ирсэн. Улс орон, ард түмнийхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцохоо ч өөрдөө илэрхийлсэн. УИХ-ын гишүүд Та бүхэн бүрэн эрхийнхээ хугацаанд сонгогч иргэдээ, тэдний эрх ашгийг, захиа даалгаврыг хормын төдий ч мартахгүй ажиллаж чадна гэдэгт би итгэж байна.
Монголын түүхт төрийн түшээгээр сонгогдсон Та бүхэнд баяр хүргэе. Ёс журамтай, хариуцлагатай өндөр дээд албандаа төр түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлийг баримтлан ажиллах их үйлсэд тань амжилт хүсье.
Монгол түмэн бадран мандах болтугай.
Улаанбаатар Төрийн ордон
2012.07.06.
Сэтгэгдэл ( 0 )