УИХ-ын гишүүн Г.Уянга: Улс орны хувь заяаг эргүүлэх түүхэн сонголтыг Чингэлтэйчүүд хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

Өнөөдөр шинэхэн гишүүний тангаргаа өргөсөн УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа. Өнгөрсөн хугацаанд парламентыг гаднаас нь шүүмжилж, гишүүдээс амлалт нэхэж асан түүнийг УИХ-д ороод хэрхэх бол гэдэг асуулт олон түмний анхаарлын төвд байгаа. Тиймээс ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр зорьж буй ажлуудынх нь талаар түүний бодлыг сонссон юм.

-Юуны өмнө УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнд тань баяр хүргэе?

-Баярлалаа. Мөн сонгуулийн дүнг надаас илүү догдлон хүлээж, баяр хүргэж, дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Ер нь бүх аймгаас иргэд баяр хүргэсэн шүү. Энэ нь Г.Уянгааг зүгээр нэг сул гишүүн байлгахыг хүсээгүйнх гэж ойлгож байна. Би маш том хариуцлагыг өөр дээрээ авч байгааг мэдэж байна. Зөвхөн миний хувь заяаны бус, бүхэл бүтэн улс орны хувь заяаг эргүүлэх түүхэн сонголтыг Чингэлтэйчүүд Монголын ард түмний өмнөөс хийлээ.

-Эвслийнхээ мөрийн хөтөлбөрөөс хамгийн түрүүнд "барьж авах" асуудал нь юу байх бол?  

-Миний бодлоор тавдугаар Үндсэн хуулийн төсөл гэж бодож байна. Бид үүнийг сонгогчиддоо ч гэсэн ярьж байсан. Мөн таван хувьсгал хийх хөтөлбөр гэж байгаа. Энэ бол зөвхөн эвслийн төдийгүй Монголд зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг. Харамсалтай нь “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвсэл олонх болсонгүй. Гэвч бид байгаа бүх нөөц бололцоогоо ашиглан таван хувьсгалыг хийхийн төлөө хөтөлбөрөө шинээр байгуулагдах Засгийн газарт оруулж батлуулахын төлөө ажиллана.

-Засгийн газар хэрхэн бүрдэх бол гэдэг асуудал дээр маш олон таамаг байна. Таны бодлоор?

-2004 оноос хойш монголчууд аль нэг хүчинд нь давамгайлж санал өгсөнгүй. Би хувьдаа үүнийг “Монгол улс системийн өөрчлөлт хийх цаг нь болсон” гэж ойлгож байна. Тийм болохоор Монголын нийгэмд хуримтлагдсан асуудлын шийдэл нь хамтарсан Засгийн газар байж чадна гэдэгт би эргэлзэж байна.

-Өөрт чинь аль нэг яамны сайдын санал ирвэл зөвшөөрөх үү?

-Одоогоор тийм бодол алга.

-Өнгөрсөн хугацаанд  УИХ-ыг гаднаас нь хамгийн том шүүмжлэгч нь та байсан. Тиймээс дотор нь ороод ирсэн Г.Уянгаагийн юу ярих, юу хийх нь хүмүүсийн сонирхлыг татах нь зүйн хэрэг болж таарна?

-Хэрвээ анзаарсан бол би сүүлийн хэдэн жил системийн өөрчлөлтийн тухай ярьж байгаа. Бид нар ул сууриар нь тэр том системийг өөрчлөхгүйгээр цаашдаа нийгмийг гацаанаас гаргаж чадахгүй. Би сонгогчиддоо ч үүнийг ярьж байсан. Тиймээс үүнийг хэрэгжүүлэхийн төлөө өөртөө байгаа бүх бололцоог дайчилж ажиллана. Зөвхөн парламентын суудлаас төдийгүй, иргэд, сонгогчдынхоо дэмжлэгийг авах асуудал ч гарч магадгүй.

-Танай эвслийн гурван гишүүн өнөөдөр яагаад ирээгүй вэ?  

-Энэ талаар бүлгийн ахлагчаас асуух нь дээр болов уу. Ерөнхийдөө “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслээс сонгогдсон жагсаалтаар яваа гурван гишүүний асуудал Үндсэн хуулийн цэц дээр шийдэгдэнэ. Үндсэн хуулийн цэц асуудлыг яаж шийдэхээс хамаарна.

-Та УИХ-ын гишүүн болчихлоо. Харин “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүний хувьд амлалтаа яаж нэхэх вэ?

-“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн болон зохицуулагч нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагаас үл хамааран цаашдаа үйл ажиллагаагаа явуулах болно. Эвсэл маань Засгийн газарт орох эсэх нь шийдэгдээгүй. Гэсэн ч “Амлалт нэхэх ард түмний холбоо” бол түүнээс хамаарахгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна.

-Энэ удаагийн парламентад эмэгтэйчүүд олноороо орж ирлээ шүү дээ? Үүнийг та хэрхэн ойлгож байна вэ?  

-Тийм шүү. Эмэгтэйчүүд болон нэг үеийн залуучууд олноороо орж ирж байна. Эдгээр хүмүүс миний түрүүний ярьсан системийн өөрчлөлтийг асуудлыг дэмжих байх гэж бодож байна. Ер нь зүгээр л 76-ийн нэг байж, намтартаа УИХ-ын гишүүн байсан гэдэг тодотголыг нэмүүлэхийн тулд бус санаж, бодож байгаа зүйлээ хийж, хэрэгжүүлье гэж орж ирсэн. Гишүүнээр сонгогдсон нь миний өмнө маш том боломжийг нээж өглөө. Иргэд ч бас тэр бололцоог хэрхэн ашиглах вэ гэдгийг харж хүлээж байгаа байх. Тиймээс иргэдийн хүсэлт, хүлээлтийг аль болох хангаж ажиллахыг хичээх болно.

-Сэтгүүлч хүнийхээ хувьд хэвлэл мэдээллийн салбарт хийхээр төлөвлөсөн ажлууд ч байгаа байх?

-Монгол үндэсний тархи оюуныг тэжээж, тэтгэж авч явж байгаа гол салбар бол хэвлэл мэдээллийн салбар. Бид энд хамгийн том бодлоготой байж монгол төрийн бодлогыг шингээх ёстой гэж бодож байгаа. Тиймээс би сэтгүүлч нөхөд та бүгдтэйгээ байнга хамтран ажиллана. Үүнд та нарын маань бас хүсэл зориг байх ёстой. Юуны өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг хэвлэл мэдээллийн салбараас байхгүй болгох ёстой.

Ярилцсан: А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top