Энэ сарын 9-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тэргүүтэй дэлхийн лидер эмэгтэйчүүд манай улсад нэг өдрийн айлчлал хийхээр болжээ. Хатагтай Клинтон Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нартай албан ёсны уулзалт хийж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн, Удирдах зөвлөлийн IV хуралдаан болон Удирдагч эмэгтэйчүүдийн форумд оролцох юм. Одоогоор удирдах зөвлөлийн 25 гишүүн орноос 17 нь төлөөлөгчөө ирүүлэхээ мэдэгджээ.
Тухайлбал Киргызийн Ерөнхийлөгч асан Роза Отумбаева, Косовогийн Ерөнхий сайдын орлогч Этида Тахири, Канадын Ерөнхий сайд асан Ким Кэмпбелл, НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын орлогч Кьюн Ва Канг, АОХН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лайснер, Рио Тинто компанийн зөвлөх Жейн Принсипал, Пибоди энержи компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жейн Холл, АНУ-ын Ардчиллыг дэмжих үндэсний сангийн дарга ноён Дик Гепхард зэрэг албаны хүмүүс Монголд айлчлан ирэх гэнэ. Мөн тус форумд салбар бүрийн манлайлагч 100 гаруй төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын нэр хүндтэй 20 гаруй төлөөлөл оролцох аж. Уулзалтаар эрчим хүч болон эдийн засгийн тогтвортой хөгжил дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, улс төрийн болон иргэний оролцоог нэмэгдүүлэх асуудлыг онцлон хэлэлцэх юм. Мөн хурлын үеэр ирэх жил Монгол улсын нийслэлд болох Сайд нарын бага хуралд бэлтгэх төлөвлөгөө, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээс гадна Удирдах зөвлөлийн АОХН-ийн анхны ерөнхий нарийн бичгийн даргаар Элчин сайд Мариа Лайснерыг албан ёсоор ажлыг нь хүлээлгэн өгч, цаашдын төлөвлөгөөг хэлэлцэх аж.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )