Бялууны шударга хуваарилалтын жишээ Баянсэлэнгэ мөн үү

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

Сонгуулийн үр дүн албан ёсоор зарлагдан, 69 гишүүн тангаргаа өргөн бүрэн эрх нь баталгаажлаа. Шинэхэн сонгогдсон гишүүдийн дотроос хүмүүсийн сонирхлыг нилээн татаж буй азтай нэгэн эмэгтэй бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшин гишүүнээр сонгогдсон З.Баянсэлэнгэ юм.

 “Сразу Майор” гэдэг шиг Хороон даргаас шууд УИХ-ын гишүүн болсон энэ шавилхан бүсгүйг элдвээр гоочлох уур амьсгал хүмүүсийн дунд нилээн ажиглагдаж байна.

“Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг, энэ Баянсэлэнгэ лав биш ээ, бусад нь ОК” гэнэ.  Яагаад биш гэж? Харин ч мөн байх бүрэн үндэстэй. Учир нь Хороон дарга бол жинхэнэ анхан шатны нэгж дээр ард түмнийхээ дунд амьдардаг хүн. Тэдний бүхий л зовлон, бэрхшээлийг түүнээс илүү сайн мэдэх хүн хараахан үгүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс 76 дотор цөөн тооны иймэрхүү төлөөлөл байхад огт буруудахааргүй. Бусад нь “мундаг” нөхдүүд байх юм байгаа биз.

Ард түмний амьдралыг сайн мэддэг хүнийг л олоод сонгочих юмсан гэх хүмүүсийн яриа энд тэндгүй сонсогддог. Тэгвэл тэдгээр хүмүүсийн нэг нь энэ бүсгүй яах аргагүй мөн. Лав л амьдралаас тасархай, тансаг өссөн, зарим нэгэн “элит” гаралтай гишүүдээс хавьгүй дээр. Тэгээд ч Монгол орныхоо “хөрсөнд” л сайн буулгаж хэрэгжүүлж чадахгүй бол тэр гадаад орнуудад эзэмшсэн гайхалтай өндөр боловсрол хоосон онол төдий л үлдэнэ.  “Жор мэдэхгүй ламаас Зовлон үзсэн чавганц дээр” гэсэн ардын маань үнэн үг байдаг.

Бас өөр нэг өнцгөөс харвал Баянсэлэнгээр дамжин Н.Энхбаярын мужик чанар илрээд ч байх шиг. Тэрээр үзэл бодлоо нэгтгэн хамтран тэмцэж, 14 хоног шоронд хоригдон, амь насаараа дэнчин тавин өлсгөлөн зарлан хэвтэж байсан энэ бүсгүйн гавьяа зүтгэлийг маш шударгаар үнэлжээ гэж ойлгогдохоор.  Намын удирдлагын зүгээс 3 гишүүнээ тангараг өргүүлэлгүй түр түдгэлзүүлэхэд ч түүнийг оруулсангүй.

 Хөндлөнгийн хүмүүсийн бодлоор бол гавьяат хуульч Ц.Оюунбаатар, өмгөөлөгч О.Баасанхүү нарын аль нэгний оронд энэхүү хороон дарга бүсгүйг түдгэлзүүлсэн бол болох байсан гэлцэх. Гэвч бид биш, харин тэд, түүний журмын нөхөд энэ шийдвэрийг гаргах эрхтэй.

 Одоо бол, ирэх дөрвөн жилд энэ бүсгүй хэрхэн ажиллаж, хэрхэн зөв тэмцэхийг л харах үлдлээ. АМЖИЛТ ХҮСЬЕ, БАЯНСЭЛЭНГЭЭ!

Д.Мягмарсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top