Монголыг Монголчууд хөнөөдөг

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

Миний энэ өгүүллийг олон хүн гутранги гэж бодож магадгүй авч хамгийн өөдрөг өгүүлэл гэдгийг би батлан хэлж чадах байна. Хэрэв надаас хамгийн тэнэг ард түмэн аль вэ гэж асуувал би ямар ч эргэлзээгүй монголын ард түмэн гэж хариулна. Олон хүний уур хүрэх боловч үнэн нь ийм юм. Худлаа гэвэл АХА нэвтрүүлгээ харахгүй юу, бас энэ сонгууль, тэгээд энэ ямбий төрөө шиг юмаа харахгүй юу…Төр улс, эдийн засаг, нийгмээ хар л даа. Тэгээд өөрийгөө хар…


Онол ярихаар онол мэдэхгүй, шинжлэх ухаан ярихаар шинжлэх ухаан мэдэхгүй, амьдрал ярихаар амьдрал мэдэхгүй, мөн улс төр, эдийн засгийг болон “бүх юмыг” цээжнийхээ бангаар ярьж мэдэмхийрдэг “хүн атомуудаас” монголын нийгэм бүрддэг. Сэтгэн бодож чадахгүй бол хүний ямар ч нийгэм байгуулж чадахгүй, Монголчууд Та нар. Монгол болгон нийгмээ мэднэ гэж солиорох боловч нийгмээ системтэй судладаг монгол өдрийн од шиг. Тэрийг нь хэлсэн мэргэжлийн хүнээ төрөөсөө эхлээд ад үзнэ, иргэдээсээ эхлээд хэрэлдэнэ маргана. Энэ чинь утгагүй Монголчууд аа. Манайхны ихэнхи нь өөрийгөө сэхээтэн гэнэ, монгол сэхээтэн шиг адгийн амьтан энэ хорвоод байхгүй, өөрөө юм хийхгүй, хүнийг юм хийлгэхгүй. Ёстой адгийн шаарууд. Бидний балайрал бидний толгойд байгаа болохоос нүүрс, зэс, ашигт малтмалд байгаа биш, эдийн засагт байгаа биш, нарийн яривал төрд ч байгаа юм биш.


Монгол сэхээтнүүдийн арчаагүй хуулбар, дуураймал, сэтгэлгээ, ялзарсан тархи толгой, үйлдэлд байгаа. Монгол сэхээтэн өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил, сэтгэлгээний арга гэж юм огт байхгүй, хуулбарлан дуурайгч, бусдын үгээр чалчигч, хоосон орилоонууд.
Тэднийг ялгаж таних шиг амархан юм байхгүй. Уншсан юмаа эргүүлж ярьж байгаагаар нь, цээжилсэн хэдхэн категориороо жүжиглэж байгаагаар нь, ярилцлагаас өөр хийсэн болон хийх юмгүйгээр нь, өөрийн судалгаа байхгүйгээр нь, бичсэн судалгааны ажлын тоогоор нь үнэлэхэд тэдэнд түй гэх эрдэм ном байдаггүй юм. Тэд бол магнитафоноос юугаараа ч илүү гарахгүй өрөвдөлтэй хүмүүс.
Тийм атлаа онол монол ярьж, маргалдах жигтэйхэн дуртай бөгөөд телевизийн нэг нэвтрүүлэг, нэг ярилцлага, нэг комментоор асуудлыг шийдэж чадна гэж боддог үнэнхүү мал шиг хүмүүс. 99,99 хувь нь ийм…
Ингээд би нийгмээ ойлгох асуудлыг хамгийн доод түвшинд 2-4 дүгээр ангийн хүүхэд ойлгох хэмжээнд тайлбарлаж эхэллээ. “Ойлговол” яахав “онолын” хялбаршуулалтаа үргэлжүүлнэ, үгүй бол больж л орхино. Ямар би хохирох гэж байгаа биш…


“Цэвэр” нийгэм бол бүгдээрээ сайн


Манай монголын нэг ухаантан надад: “цэвэр нийгэм” бол аль нь ч сайн” гэж хэлж билээ. (Нэрийг нь хэлэх цаг болоогүй). Эхлээд би сайтар ухаараагүй юм. Гэхдээ ямар нэг чухал юм байгааг мэдрээд л байлаа. Нэг их удалгүй учрыг нь олсон юм. Үнэхээр ард түмэнд таатай гэдэг утгаараа “цэвэр” нийгэм бол үнэхээр хамгийн шилдэг нийгэм. Гүн ухааны утгаараа ч, амьдралын утгаараа ч, улс төр,эдийн засаг, социал болон сэтгэл зүйн аль ч утгаараа…


Феодализм.

Хэдийгээр харьцангуй нэр томъёо боловч монголын “феодалын” нийгмийг аваад үзье. Энд би 1911 оноос хамаагүй өмнөх Манжийн үеийг нийтэд нь ярьж байна. Тэнд “сайхан” л амьдарч байсан. Нээрээ шүү. Олон зуун жилийн феодалын бутрал, дайн самууныг зогсоов, монголчуудыг хятадуудаас илт дээгүүр тавьж, суурин болон нүүдлийн иргэншлийн хатуу хил тогтоов. Эхэндээ жаахан дургүй л байсан байх. Сүүлдээ ч дассан даа. Манжийн хаандаа цай сүүнийхээ дээжийг өргөчихнө, хаад ноёддоо татвараа өгчихнө, уламжлалт амьдралд нэг их өөрчлөлт оруулаагүй болохоор мэдээж “сайхан” л байж таараа ш дээ. Хамгийн гол нь монголчууд ядуу зүдүү гэдгээ мэдрэхгүй байсан л гол учир нь байгаа юм. Одоогийн бид нар л судлаад ядуу зүдүү, зовлонгий нь гайхдаг болохоос. Зовлонтой байсан ч тэрийгээ ноёдууд болон нийгмийн байгууллаас биш, “үйлийн үрээс” болсон гэж ойлгохоор чинь мэдээж ш дээ. Ардууд татвараа төлчих юм бол төр мөр, үзэл суртал суртал гэж зовоох юм байхгүй, ёстой дураараа дургиж, жинхэнэ “эрх чөлөөтэй” газар Монгол л байсан байх. Яахав хамжлага, албат энэ тэр гээд байна л даа, их дарлавал нүүгээд алга болно ш дээ. Ямар газар байхгүй юм биш…
Ноёдуудад бол бүр санаа амар. Төр мөр удирдана гэж “зовох” юм огт байхгүй. Манжийн төр цалин пүнлүүг нь өгчихнө, хаанд бараалхах нэрээр “гадаадад амарчихна”, цол хэргэмээ авчихна, ардуудаа хааяа ташуурдчихна, харин татвараас нь авгай хүүхэндээ дээлийн торго моргохон, өөртөө архи мархихан авч хятад пүүсийн өрөнд хааяа орчихно. Хятад пүүсүүд бол сүүлийн үеийн явдал, харин жинхэнэ манжийн үед тэдний хандыг нь дарж хэмжээнд нь байлгаж чаддаг байсан. Монголчуудад үүнээс “сайхан юм” гэж хаа байх бил ээ. Харин авилга бол ёстой янзтай байсан юм билээ, томчууд л хэргэм зэрэг авах гэж (цалин хангамжаа нэмэх гэж) баллаж байгаа нь тэр л дээ. Бас л нэлээд “сүүлийн үеийн” явдал.
Харин Манж гүрэн унаад л хамаг “сайхан юмыг” нь баллаад хаях нь тэр. Дээр нь бас Орост хамжлагаа халаад хувьсгал мувьсгал болоод явчихаар чинь “болохоо” байж байгаа юм. Бүх дэлхийд л ийм юм болсон дог. Жишээ нь Япон, Солонгос, Энэтхэг, Иран, Ирак гээд оролцоогүй орон байхгүй л дээ. Одоо “цэвэр” феодализм “сайхан” гэдгийг хангалттай баталсан гэж бодож байна.


Социализм.


Социализм шиг “сайхан юм” хаана байна ? Энийг хүн болгон мэдэх болохоор арай товч ярина. Хамаг юмыг нь Оросууд болон социалист орнууд бариад хийгээд өгчихнө. Зүгээр нэг барихгүй дотор нь ажиллах инженер, техникийн ажилтнууд, ажилчдыг нь хүртэл сургаж бэлтгэж өгнө. Төр нам нь хүний, ялангуяа хүүхдийн бүх хүмүүжил боловсролыг хариуцна. Хүүхдийг эцэг эх нь биш, сургууль, нарийн яривал “нам засаг” хүмүүжүүлж байсан юм. Бүх хүнийг эмчилнэ. Бараг хамраас цус гарлаа гэж түргэн дууддаг байсан даа. Санаа зовох юм бараг юу ч байгаагүй. Хэн тэтгэвэртээ гарахдаа яана, хүүхэд минь яана гэж бодож байсан юм ? Гэмт хэрэг бараг байгаагүй гэж болно. Энэ нийгмийг муухай гэж хэлэх зүрхтэй ямар ч хүн байхгүй. Харин хаалттай, үзэл суртал хатуу байсан. Үзэл суртал ч нэг их аймаар байгаагүй. “Битгий шуналт” гэх буруу юм уу, “Битгий бусдын хөдөлмөрийг мөлж” гэх буруу юм уу, “Нийгмийн тустай хөдөлмөр хий” гэх буруу юм уу, үгүй ш дээ.
Одоо манай хүүхдүүд ямар байна ? Магадгүй “сайхан” л байгаа байх. Гэхдээ социализмын хүүхдүүд манай хаан байсан юм ш дээ. Нийгэм бүхнээ хүүхдэд зориулж байсан юм. Ядахдаа уриа лоозон нь зөв, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг байсан. Яг яс хэрэгжүүлдэг байсан. Социализмын үеийн хүүхдийн төлөө уриаг одоо ч аваад хэрэгжүүлсэн болно. Олон хүний мартсан тэрхүү амин чухал томъёолол энэ байна.
ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БИЕ БЯЛДАРТАЙ, ЦЭВЭР АРИУН ЁС СУРТАХУУНТАЙ, ТАЛ БҮРИЙН МЭДЛЭГТЭЙ, СОЦИАЛИСТ УХАМСАРТАЙ БИЕ ХҮН ТӨЛӨВШҮҮЛЭХ
Энд яахав социализмыг нь хасчих нь биз. Гэхдээ ингэж хассаныхаа оронд “хийх юм” байхгүй байгаад Монголын эмгэнэл оршдог юм. Олон хүн “капиталист” гэж нэмнэ гэж бодож байгаа байх. Тийм юм байхгүй л дээ. Энийг олбол тэр онол монол чинь болдог юм. Энийг ярьсан хүнийг монгол сэхээтнүүд шизотой гэж хочилдог юм. Тэгээд өөрсдөө хийсэн нь хаа байна ?!


Жинхэнэ төрийн болон нийгмийн удирдлага гэж юу байдгийг гадаадаас биш, социализмын үеэс судалсан нь хамаагүй дээр. Яагаад гэвэл төрийн удирдлага бол хаана ч нэг их ялгаа байдаггүй юм ш дээ. Ямар ч гэсэн социализмын үеийн төр, нийгмийн удирдлага одоогийн төрийн дэргэд бол жинхэнэ, амьд, бүтээлч байсан байхгүй юу. Үүнийг няцаах онолын болон практик ямар ч үндэслэл олдохгүй. Ард түмэн ч муу амьдарч байгаагүй. Эдийн засгийн агуулгаар биш, зүгээр л сайн сайхан, аюулгүй, хүнд ээлтэй гэдэг бүхий л талаараа. Социализмын үе “сайхан” байсан нь ямар эргэлзээгүй.
Бас л ЗХУ болон социалист систем нураад л “хамаг сайхан” нь алга болохгүй юу даа. Эндээс Та нэг том зүй тогтол ажиглаж байгаа байх. Ивээн тэтгэгч систем нь нурахад Монголд хувьсгал гарч байгааг. Энэ бол жичдээ ярих асуудал ч энийг ярихаар бас “номын цагаан солиотой” болдог нэг том гэм бий.


Одоо “капитализм”


Энийг бол бүр ч товч ярина. Уг нь капитализм яг ном ёсоороо бол “сайхан” ш дээ. Гарааны нөхцөл нь бүгд ижил шударга өрсөлдөөд л, монополийг хязгаарлаад л, хүний эрхийг хангаад л гэх мэт гэх мэт….
Гэвч манайд “энэ сайхнууд” нь бүгдээрээ алга болчихоод байгаад л хамаг учир байгаа юм. Бичиг баримтандаа заагаад өгчихсөн, толгойдоо бас л хагас дутуу хийчихсэн санаатай. Хэрэв би эндүүрээгүй бол 20 жилийн өмнө “Азийн бар” болно гэж зүтгэсэн улсууд хорин жилийн дараа ахиад л 20-30 жил зүтгэх лоозон дэвшүүлж байна. Яагаад ? “Онолын” хэдэн хувилбар бий. Нэг. Капитализмын онол буруу, Хоёр, Монголчууд буруу ойлгож алдаа хийсэн, Гурав, Монголд угаасаа таарахгүй.
Эсвэл буруутныг олох хэдэн хувилбар бий: 1. Гадаад “багш нар” буруу заасан, 2. Ардчилагчид буруу хийсэн, 3. Төр, засаг, намууд буруу хийсэн, 4. Ард түмэн буруутай.
Ямар ч гэсэн “капитализм” болохгүй байна. Нарийн яривал яг ч капитализм биш юм аа. Миний ойлгож байгаагаар бүгдийг нь холиод хаячихжээ. Феодализм, социализм, капитализм гурвыг. Ийм жишээ дэлхийн түүхэнд байгаагүй болохоор үүнийг аль ч онол нь тайлбарлаж чадахгүй, ийм боломжгүй. Хийсвэрлэвэл “үхэр адууны эрлийз” байлаа гэхэд түүнийг үхэр судлаач ч, адуу судлаач ч тайлбарлаж чадахгүй. Ядаж байхад хоёр биш, “гурван амьтны эрлийз” байдаг. Би Монгол судлаач тулдаа л “үхүүлчихгүй” салгах гээд “үзээд” байгаа юм. Ойлгох амьтан ганц ч байхгүй. Мэдээж ч ш дээ, бүгдээрээ “цэвэр” амьтан судалж байсан болохоос “гурван юмны эрлийз” үзээгүй улс чинь.
Эрлийз нийгмээ дагаад хүнийх нь үйл хөдлөл, оюун сэтгэлгээ, түүний арга хүртэл “шал эрлийз” хүн танихын аргагүй болсон байна. Энийгээ мэдэхгүй байгаа нь хамгийн их гачлан юм.
Жишээ болгож АХА нэвтрүүлгийг аваад үзье. Олон хүн тэрийг үзээд инээдэг бол би уйлдаг. АХА дээр одоогийн “монгол нөхөр” хуучны феодалын нийгмийг ор тас мэдэхгүй байна. “Онолын хувьд” ийм байж болно. Тэр өнгөрсөн баларсан юмаар үхснээ хийхийм. Тэгвэл тэр социализм, капитализм хоёрыг мэдэх ёстой. Тэгээд социализм асуухад саяхныхаа юмыг ор тас мартчихаж. Бас л “онолын хувьд” ийм байж болно. Тэр муу социализмаар юугаа хийнэ. Тэгвэл тэр капитализмыг заавал мэдэх ёстой. Гэтэл тэрийгээ ч мэдэхгүй байна. Харин “онолын хувьд” ийм байж яагаад ч болохгүй. Монгол хүн юу ч мэдэхгүй тэнэг гэдгийг нэг их судалгаа мудалгаагүй нотолж чадсан гэж бодож байна. Одоо бол мэдлэг, оюун сэтгэлгээний хувьд үүнээс доош орох эрх Монголчуудад байхгүй. Хэрэв үүнээс доош бол сармагчин энэ тэр нь юу юм гэхээс лав л хүний нийгэмд хамаарахгүй.
Онцлон дурдахад төр, засаг, намуудын үйл ажиллагаа, боловсон хүчнийх нь байж байгаа царай, хэлж ярьж байгаа нь АХА нэвтрүүлэгт оролцогчдоос нэг их дээрдээд байх юу ч үгүй нь даанч гасалмаар.
Манайд ямар ч капиталист нийгэмд байдаг боловч хуулиар чанд хорьж зохицуулдаг эдэд шунах (таваарын фетишизм) хэмээх аюулт өвчин ямар ч хэмжээ, хяналтгүй бүх нийтийн өвчин болсонд хамгийн их зовлон байгаа юм. Энэ өвчнөөр Монголын нийгэм хамгийн дээд давхраанаасаа эхлэн бүх нийтээрээ өвдсөн.
Энэ нь эхлээд нийгмээ, улмаар өөрийгөө хөнөөх найдвартай зэвсэг мөн. Энд хүний толгой нэг их ажиллах ямар ч шаардлага байхгүй, зүгээр л адгуусны зөн билэг байхад л хангалттай.


Үүнийг засах их хэцүү. Ганц сайн цадаж аваад үхье гэсэн аймшигт гүн ухаан болчихдог юм. Дээр би ард түмнээ тэнэг гэсэн, ингэж хэлдэг хүн бараг байхгүй л байх.
Үнэндээ энэ бол өвчин юм, энэ бол оюун ухаан, сэтгэлгээний хомсдлын өвчин, үүнийг би эдгээх гэж оролдоно, чадах эсэхийг ёстой бүү мэд, Та нарын өөрийн ухамсар шийднэ байх. Ингээд үзэхэд гол асуудал бидний толгойд буюу оюун сэтгэлгээ, үзэл санаанд байгаа юм. Энэ байхгүй бол бид ямар ч нийгэм байгуулж чадахгүй.
Тэгээд тэрийг чинь хаанаас авдаг юм, олдог юм гэх байх ? Бэлэн юм байхгүй л дээ.
Материаллаг юмс л бэлэн байна уу, гэхээс оюун санааны юмс заавал толгойгоо ажиллуулж байж олддог юм. Түүнийг худалдан авч болдоггүй, яагаад ч болохгүй. Иймээс наад тархи толгойгоо сайн ажиллуул гэж хэлэх байна.
Үүнийг социализмын үед маш сайн ойлгож байсан. Ийм ч учраас үзэл суртлын ажлыг хамгийн чухал ажил гэж үздэг байсан. Тэр үзэл суртлынх нь “зөв буруу” хамаагүй л дээ. Нийт нийгмээ хамарсан үзэл санааны систем тогтоох гэсэн оролдлого нь чухал юм. Та нар АНУ болон Баруунд үзэл суртал байхгүй гэж бодож байна уу, үгүй ш дээ. Хуучин Оросын кинонд орос цэргүүд зөвхөн фашистуудыг алдаг байсан бол одооний америк киноны цэргүүд бүх дайснаа, харь гариг, сүнс мүнс, ер нь муу бүхнийг даран сөнөөж байна. Үүнийг л үзэл суртал гэдэг юм.


Манайд нэг их том нь ч юу юм, үзэл суртал заавал байх хэрэгтэй л дээ. Тэр нь даанч байхгүй. Энд чинь гүн ухаан, шинжлэх ухаан, түүх, ёс суртахуунд үндэслэсэн үндэсний үзэл санаа хэрэгтэй л дээ. Энэ нь төрд нь байтугай иргэдэд нь ч байхгүй. Ингэхлээр нийгэм бие даасан “хүн-атом”-уудаас бүрддэг юм. Энэ бол ямар ч утгаараа нийгэм болж чаддаггүй. “Хүн-атомууд” зөвхөн өөрийн ашиг сонирлоос өөр юуг ч үл боддог. Ингээд монголчууд монголыг сөнөөдөг юм. Энэ хөнөөлт үзэл суртлыг олон жилийн өмнөөс нэр бүхий тодорхой үзэл сурталчид бүх түвшинд сурталдаж одоо хүрсэн үр дүн нь энэ л дээ…
Олонхи адгийн шаарууд Монголын баялгийг худалддаг бол эдгээр үзэл сурталчид монголчуудын оюун санааг хордуулж гадаадаас мөнгө олж байдаг учраас хамгийн хорлогчинтой нь юм.
Хэрэв Монгол үндэстнийг аврая гэвэл эхлээд энэ үзэл суртлын гүн ухаан, үзэл санааны үндсийг шинжлэх ухааны үндэстэй, монгол үзэл санааны үндэстэй няцаах ёстой. Энэ ажил эхэлж байна. Үүний тулд Монгол хүн бүр өөрийнхөө мэдлэг, оюун ухаан, сэтгэлгээнийхээ өвчнөөс салахаас эхлэх ёстой. Аюул гадна биш, Та бидний толгойд байгаа. Яагаад гэвэл өөрөөсөө бусад бүх зүйлийг өөрчлөх гэсэн хүн юуг ч өөрчилж чадахгүй гэсэн мөнхийн зарчим байдаг юм.
Тэгээд Та жинхэнэ шинжлэх ухаантай нөхөрлөх ёстой, шинжлэх ухаан хүнтэй тийм ч амархан нөхөрлөхгүй, тархи толгойг чинь их зовоож байж нөхөрлөнө, харин үүний дараа бол Танд насан туршид чинь тус болно. Шинжлэх ухаан Таныг өвчнийг арилгахад Таны тэнэг арилах нь гарцаагүй, төрөлхийн биш нийгмийн өвчин юм чинь…
Наад зах нь “феодализм социализм” хоёрыгоо нийлүүлээд уламжлал гээд авах юмаа авч, “капитализмаа” шинэчлэл гээд тэднүүсээ залгаж холбоод ирээдүйгээ бодсон төр, нам, хүн байгаа юм уу ? ! Та ч гэсэн бодоод үз л дээ.


Бид ялав гэж ТЭД хөөрч байна. Тийм байна, Та нар энэ удаа ялсан. Гэхдээ Та нар “нийгмийг атомжуулах үзэл суртал”, “даяар онол”-оосоо болж нуран унах нь гарцаагүй. Тэгээд ч “танай” үзэл сурталд худал хуурмагаас өөр зүйл байхгүй учраас ҮНЭНИЙ өөдөөс яаж ч чадахгүй.
Монголын хэтийн төлөвийн үүднээс бол Та нар ялахгүй, Та нарыг ялуулахгүй…
Яагаад гэвэл БИД МОНГОЛЧУУД…


Судлаач Д.Ганхуяг
2012 оны 7 дугаар сарын 08.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top