Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Алтан Дарь Овоо Хайрханы төрийн тахилгын ёслол дээр хэлсэн үг

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09


Алтан дарь овоо хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслолд хүрэлцэн ирсэн зочид гийчид ээ,
Эрх чөлөөт Монгол орны хийморь золбоот ард иргэд ээ,

Өлзий учрал бүрдсэн энэ сайхан өдөр эртний тахилгат их овоон дээрээс Та бүхнийхээ түмэн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье. 

 

Домог түүх, ерөөл магтаал, бэлгэдэл туурвилд мөнхөрсөн Алтан овооны тэнгэр сахиусанд өнөөдөр төр, түмэн олон нь хүндэтгэл үзүүлж байна.

 

Тэнгэр газар тэтгэж, нар хур тэгширч, хүн зон баясаж, наадам хаяанд ирсэн, найртай сайхан энэ өдөр Та бид Алтан дарь овоо, Шилийн богд, ариун Ганга, Дагшин, Дуут, Молцог элс, Хонгорын шил гээд эх болсон  газар орныхоо нуур ус, уул нуруудынхаа эзэн онгод, лус савдагийг урин залж, дуудан ирүүлээд идээ ундаа, таваг тахилаа өргөж, хүсэл сэтгэл, даатгал айлтгалаа өчиж, төр түмэн хүндэтгэл, ёслолоо үйлдэж буй нь юутай бахархал вэ.

 

Ардчиллын бүлээн салхи хөх Монголын тал нутгийг ивгээж Монголын төр уламжлалт зан заншил, шашин соёлоо дэгжээх талаар олон ажил хийсний нэг нь уул овооныхоо тэнгэрийг тайх эртний соёл, ёс заншлаа сэргээсэн явдал юм. Монголчууд байгалийн үзэсгэлэнт газар, ховор ан амьтнаа дархлан хамгаалж, онголон тахиж ирсэн өнө эртний хосгүй уламжлалтай ард түмэн.

 

Дарьганга бол байгалийн өвөрмөц тогтоц, хонгортсон тал, нуур ус, зээр гөрөөсийн идээшиж дассан үзэсгэлэнт газар төдийгүй, нүүдлийн соёл иргэншлийн арвин баялаг түүхийн өлгий нутаг гэдгээрээ алдартай газар билээ.

 

Дарьгангачууд хэзээнээс нааш газар шороогоо, ёс заншлаа, уламжлал соёлоо хамгаалж ирсэн дайчин түүхтэй. Жанжин Д.Сүхбаатар, “Газар шороо” их хөлгөн туульсийг зохиогч М.Маам, Монголоо өмөөрч, Монголоороо омогшиж, ажил үйлс, уран бүтээлээрээ мөнхөрсөн гал цогтой найрагч О.Дашбалбар зэрэг Дарьганга нутгийн ахан дүүсээ энд дурсахгүй байхын аргагүй. Тэд эх нутаг, газар шороогоо өмөөрөгч, байгалийг магтан дуулагч яруу өгүүлэгчид, чухамдаа эх дэлхийн манлайлагчид байсан юм. Энэ уламжлал тасрахгүй үргэлжилнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.

 

Уран дарханы Дарьганга хийц, оюун сэтгэлгээ, эд өлгийн дарьганга соёл гэдэг шиг байгаль дэлхий, газар устайгаа хүмүүн ёсоор харилцах Дарьгангачуудын онцгой хүндэтгэлт ёс заншлын нэг бол үеэс үед уламжилж ирсэн энэхүү Алтан овоо минь хэмээн сүслэх ард олны шүтлэг бишрэлийн ариун ёсон, түүний тахилга тайллагын зан үйл билээ.

 

          Эрдэнэт хүмүүний сэтгэл ухаанаар хандаж чадвал эх дэлхий ээл ивээлээ хайрлана, эс тэгвэл ширвэж шийтгэдэг байгалийн хууль бий. Хүн байгалийн хүйн холбоо, шүтэн барилдлагын оньс нь чухамхүү энэ мөн. Эртнээс үүнийг ухааран ойлгосон өвөг дээдэс маань эцэг тэнгэрээ сүслэж, эх байгалиа хамгаалж, мянга мянган жилээр орчлон ертөнц, орон дэлхийтэйгээ зохицон аж төрсөөр өнөөг хүрч иржээ.

          Энэ бол хүн, байгалийн харилцааны гүн утгыг таниулсан аугаа ухаан бөгөөд хүн төрөлхтний оюун сэтгэлгээнд оруулсан монгол түмний бахархам хувь нэмэр яах аргагүй мөн. Уулын тэнгэр тахих ёслолын өдгөө цагийн утга бэлгэдэл, учир холбогдол нэн өргөн юм.

 

          Эрхэм хүндэт иргэдээ,

 

Манай Улс байгалийн онгон байдлаа харьцангуй хадгалж чадсан дэлхийн цөөхөн улсын нэг боловч сүүлийн жилүүдэд эх орны ариун дагшин байгаль, тунгалаг гол мөрөн, ой тайга, ургамал амьтан, уужим тал нутаг маань урт гартай ухвар мөчид хүмүүсийн урагшгүй үйл ажиллагаанд өртөх боллоо.  Энэ аюул заналхийллээс байгаль, амьдрах орчноо хамгаалахад төр, засгийн тогтвортой, үр нөлөөтэй бодлого шийдвэрээс гадна манай иргэн бүрийн идэвх оролцоо нэн чухал юм.

 

Сайшаалтай нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санаа, ард олны амар амгалан амьдрах нийтлэг эрх ашиг, хүн төрөлхтөн нэгдмэл хувь заяатай, нэгэн эх дэлхийтэй гэдгээ ухааран ойлгох явдал улам бүр өргөжсөөр байна.

 

Монгол Улсын төрийн тэргүүн би эртнээс нааш эв найртай идээшин амьдарсаар ирсэн талын монголчуудынхаа омог сүрийг тэтгэж, нутаг ус, аймаг сум, улс монголынхоо төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран ажиллах их урам зоригийг минь улам бадрааж байхыг байгаль эхийн хүү - Алтан овооныхоо цэлмэг хөх тэнгэрт сүсэглэн даатгаж байна.

 

Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг арвин, ажил үйлсэд ач тустай хэмээн үздэг. Тэнгэр хангай дэлэгнэж хур бороогоо хайрлан, газрын цангааг тайлсан нь тал нутагт зуншлага ирж хүн, малын амьдрах орчинд таатай нөлөө үзүүлж байна.

 

Сүхбаатарчууд Та бүхэн нөр их хөдөлмөр зүтгэлээр мал сүргээ өсгөж, аймгийнхаа түүхэнд анх удаагаа хоёр сая гаруй мал тоолуулан, 900 гаруй мянган төл хүлээн авсан нь улс орныхоо хөгжил дэвшилд оруулж буй бахархам хувь нэмэр мөн.

 

Мал сүрэг өснө гэдэг малчин түмний баясал, Монгол түмний буян хишиг билээ. Энд эзэн хүний хичээл зүтгэлээс гадна байгаль дэлхийн ивээл их. Хүн байгалийн амин холбоо, шүтэн барилдлага амьдралын нэг эх үндэс гэдгийг ухаант дээдэс минь учирлан сургаж ирсний учир энэ буюу.

 

Тал нутгийн ард түмний эх оронч үзлийн онгодыг хөглөн төрөлх газар шороогоо хайрлан хамгаалах сэдэл, үйлдлийн эрч хүчийг хуримтлуулж, байгаль эхээ гэх сэтгэл зүтгэлийг улам улам хөгжөөн бадраахад энэхүү тахилгын ач холбогдол оршино хэмээн бодож байна.

 

Үзэсгэлэн төгөлдөр онгон байгальтай, үе дамжсан уламжлалт соёл, ёс заншилтай, арвин баялаг түүх шашдиртай, олон зуун жил ашиглах эрдэс баялагтай монгол эх орныхоо төр засаг, ард түмэнтэйгээ болон уламжлалт шашин, сүсэгтэн олонтойгоо шударга ёсыг бэхжүүлж, тогтвортой сайн сайхан амьдрал, хөгжил дэвшилд  хүрэхийн төлөө хамтран ажиллаж ихийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Хэдхэн хоногийн өмнө төрийн эрх барих дээд байгууллага – Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль амжилттай болж өнгөрлөө. Ойрын дөрвөн жилд бүрэн эрхээ хэрэгжүүлэх шинэ парламент бүрдлээ. Монголын ард түмэн энэ сонголтоороо ардчиллыг улам баталгаажууллаа. Ардчилсан сонголт хийсэн Сүхбаатарчууддаа талархал илэрхийлье.

 Ард иргэд ээ,

 

Улс хотлоороо хоног тоолж, жил тойрон хүлээдэг Үндэсний их баяр наадам удахгүй болж, Монгол түмэнд маань баяр цэнгэл бэлэглэн, хийж бүтээхийн эрч хүч, урам зоригийг нэмнэ.

 

Түүнчлэн Сүхбаатарчууд та бүхэн аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол түмний минь ирээдүй маш гэгээлэг, өөдрөг сайхан байна.

 

Төрийн тахилгат Алтан Дарь овоо хайрханы гэгээн тэнгэр түмэн олныг минь ивээж, түүхт их улсын минь төрийн мэргэн бодлого, түмний хичээл зүтгэлээр уугуул нутаг усны сав, шимийн жам ёс зохилдон, улс Монгол, ард иргэдийн аж амьдрал өөдлөн дэвжих болтугай.

Сүхбаатар аймгийн иргэдэд сүлд хийморио батжуулан өргөн дэлгэр, сайхан наадахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Хурай,  Хурай,  Хурай


 

 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top