Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаархи олон улсын чуулганд оролцож буй гадаадын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Та бүхэнтэй уулзаж байгаадаа үнэхээр баяртай байна. Би хэдэн зүйлийг хэлэх гэсэн юм. 1990 оноос бид улс орондоо ардчилсан нээлттэй нийгэм байгуулахаар коммунизмтай тэмцсэн. Бид энэ улстөр, эдийн засгийн шилжилтийг цус гаргалгүй тайван замаар хийсэн. Зарим хүн ийм улстөр, эдийн засгийн өөрчлөлтийг Азийн орнуудад зэрэг боломжгүй гэж хэлдэг байсан. Улстөр, эдийн засгийн эрх чөлөө, хүний эрх бол нийтлэг зүйл гэж би боддог. Монголын ардчилал бол бидний хүсэлт зоригийн илэрхийлэл, сүүлийн хорь гаруй жид манай хүмүүсийн бий болгосон зүйл болохоос гаднаас шилжүүлэн оруулж ирсэн эд биш ээ. Монголын ардчилал хүчтэй, бас үзэгдэж харагдахуйц төдийгүй том нөлөө бүхий юм. Монгол бол Азийн аюулгүй байдал, хөгжил, ардчиллын салшгүй нэг хэсэг гэж бид үздэг. Бид үүндээ хүч чармайлт тавих болно. Бас ардчилсан зарчмыг дэлхий дахинд бэхжүүлэхийн төлөө байна. Яагаад гэвэл Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа орон.
Саяхан арваад хоногийн өмнө, зургадугаар сарын 28-нд манайд парламентын сонгууль болсон. Монгол 1990-ээд оны эхнээс парламентын засаглалыг төлөвшүүлэхээр чармайж байна. Манай энэ бүс нутагт парламентын засаглалтай орон тийм ч олон биш ээ. Бид 1990 оны зургадугаар сард бид анхны олон намын оролцоотой парламентын сонгууль явуулсан. Түүнээс хойш парламентын 7 сонгууль хийгээд байна. Энэ удаа бид ес хоногийн дотор хуучин парламентаас шинэд нь эрхийг нь шилжүүлсэн. Монгол бол Азидаа сонгуулийн машин, компьютерийн сүлжээ бүрэн хэрэглэсэн хоёр дахь орон болсон гэж сонссон. Машин хуурдаггүй гэж би итгэдэг. Хүн л тэгдэг шүү дээ. Тийм учраас бид манай парламент хүмүүсийн хүсэл зоригийн бодит тусгал болж чадсан гэж бодож байна. нэг сайн мэдээ дуулгахад түрүүчийн парламентад бид 3 эмэгтэй гишүүнтэй байсан бол одоо ес болсон. Би улстөрийн болон улс орны амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг. Тэд бол анхаарал халамж хэрэгтэйд нь анхаарал халамж тавьж чаддаг. Тэд бол хүүхэд, хөгшдөөс эхлээд бүхэнд ийм анхаарал халамж тавих онцгой чадвар мэдрэмжтэй хүмүүс. Эмэгтэйчүүдийн оролцоо бий болсноор нийгэм илүү хүмүүнлэг, илүү ардчилсан болдог. Аравдугаар сард орон нутгийн сонгууль болно. Түүнд бид бас эмэгтэйчүүдийг дэмжих учиртай. Би нэгэн өдөр манай орны эмэгтэй Ерөнхийлөгчтэй гар барин зогсож байхыг хүсдэг.
Та бүхнийг ирсэнд их баярлалаа. Би манай дэлхийд эрх чөлөө, жендерийн тэгш байдлын төлөө тэмцэгч олон гайхалтай хүмүүсийг би харж байна. Бүх нийтийн энхийн төлөө, агуу их эрх чөлөөний төлөө, жендерийн тэгш байдлын төлөө та бүхний уриалгыг дэмжин зоригжуулахыг үнэхээр хүсч байна. Би Канадын Ерөнхий сайд асан хатагтай Ким Камбэллийг хүндэтгэж байна. Бас нэг ангид хамт сурч байсан эмэгтэй Косовагийн Ерөнхий сайдын орлогч Едита Тахиритай уулзаад амжлаа. Тэр энд сууж байна. Дэлхий жижигхэн шүү дээ. Мөн АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лайснерийг харж байгаадаа баяртай байна.
Монгол одоо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн дарга орон. Бид хорь гаруй жилийн өмнө Умард Солонгос шиг системтэй байсан шүү дээ. Одоо бид дэлхий дахины ардчиллын төлөө хөдөлгөөний манлайлагч болсон. Бид өөрийн үндэстний амжилтаар бахархаж байна. Мэдээж энд Киргизийн Ерөнхийлөгч асан Роза Отунбаеваг дурдахгүй өнгөрч болохгүй. Би дөрөв таван сарын өмнө Киргизид айлчилж парламентад нь үг хэлж байсан, энэ бол надад үзүүлсэн том хүндэтгэл. Бид туршлагаасаа хуваалцсан юм гэж Ерөнхийлөгч хэллээ.
Ингээд Ерөнхийлөгч чуулганы нь талаархи тэдний саналыг сонсмоор байна хэмээхэд зарим нь сэтгэгдлээ хэлж, сонирхсон зүйлээ лавлаж байв.
Уулзалтын төгсгөлд тэд Ерөнхийлөгчтэй дурсгалын зураг татууллаа.
Сэтгэгдэл ( 0 )