Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатагтай Х.Клинтоныг Монгол Улсад тавтай морилохыг уриад түүний энэхүү айлчлал манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, ардчиллыг бэхжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэлээ.
Тэрээр ярихдаа “ Эрхэм Төрийн нарийн бичгийн дарга таны манай улсад хийж буй энэхүү айлчлал нь Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойтой давхцаж байна. Энэ хугацаанд бидний харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжсөөр ирлээ.
Бид ардчиллыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг ханган, шударга ёсыг тогтоохыг зорьж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа нь бидэнд ардчиллыг бэхжүүлэх, хүний хөгжлийг хангах, дэд бүтэц болон бусад салбарт хөрөнгө оруулах, гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах сайхан боломжуудыг нээж өгч байна.
Уул уурхай, технологи, дэд бүтэц, боловсролын салбарт гуравдагч хөршийн зүгээс, тэр дундаа АНУ-аас оруулах хөрөнгө оруулалт улам бүр өсөн нэмэгдсээр байна. Бид уул уурхайгаас олох үр ашгийг иргэн бүрт хүртээмжтэй байлгахыг зорьж байна.
Бид шударга ёсыг тогтоохын тулд авилгатай тэмцэж, шүүх хуулийн байгууллагыг шинэчилж байна. Манай улс нээлттэй, ард иргэд нь эрх чөлөөтэй учраас тулгарч байгаа аливаа сорил бэрхшээлүүдийг даван туулж, ардчиллыг бэхжүүлэхэд амжилт олж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Х.Клинтон Монгол Улсад дахин ирж байгаадаа баяртай байна гээд халуун дотноор хүлээн авсан монголын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр “ Монгол Улсын ардчилал бүс нутагтаа үлгэр жишээ болсоор байдагт бид баярладаг. Хүний эрх, эрх чөлөөг хангах, хуулийг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах нь ардчилсан орнуудын зорилго билээ. Монгол Улс энэ зорилгодоо хүрэх алхмуудаа амжилттай хэрэгжүүлж байгааг бид үнэлж байна.
Ерөнхийлөгч таны хэлсэнтэй би санал бүрэн дүүрэн нэг байна. Удирдагчдын гол даалгавар бол авилгатай тэмцэхэд ард түмнээ зоригжуулах явдал юм. Авлигын эсрэг таны санал , санаачилгууд улс орондоо шударга ёсыг тогтоох үндэс суурь нь юм.
Та бүхэн саяхан ээлжит сонгуулиа амжилттай явууллаа. Шинээр байгуулагдах Засгийн газар ард түмний хүсэн хүлээсэн чухал шийдвэрүүдийг гаргаж, улс орноо хөгжлийн шинэ шатанд гаргах төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлнэ гэж итгэж байна.
Саяхан та бүхэн “тэмцэл хийж байж” монголынхоо жинхэнэ динозаврыг эх нутагт нь буцаах үйлсэд эхний амжилтаа гаргалаа. Одоо нутагтаа байгаа “авлига” гэдэг динозаврыг устгахын тулд тэмцэл хийж байгаа гэж ойлгож байна.
Монгол Улсын өмнө сайхан ирээдүй байгаа гэдэгт би итгэдэг. Энэ итгэлийг 17 жилийн өмнө Монголд анх ирэхдээ олж харсан юм. Ард түмэн нь эрх чөлөө, шударга ёсыг хүсдэг, эрч хүчтэй учраас танай улс богино хугацаанд амжилт олж байна. Та бүхэнд, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд тань хэзээ ямагт туслахад бэлэн байдгаа бид дахин илэрхийлж байна” гэв.
Мөн ардчиллыг бэхжүүлж, ил тод байдлыг хангаж, шударга ёсыг тогтооход эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг чухал болохыг санал нэгтэй тэмдэглээд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаархи олон улсын чуулга” үр дүнтэй болж байгааг өндөр үнэлж, харилцан санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )